sonin.mn
Улсын хэмжээнд жилд 500 гаруй хүн авто замын ослоор амь насаа алддаг.Автын ослоос болж эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн статистик ч сэтгэл шимшрэм үзүүлэлт байдаг. Хотын төвийн болон хот хоорондын авто замаас гадна хороолол дундах замуудад осол аваарын дийлэнх нь гардаг. Энэ бол нэг ёсондоо буруу төлөвлөлтийн золиос юм.Орцныхоо үүдэнд тоглож байсан хүүг машинаараа ухрахдаа дайрчихсан, хотхоныхоо урдах зам хөндлөн гарч явсан иргэнийг хурд хэтрүүлж явсан машин шүргэж хүнд гэмтээсэн гэх мэт жишээ баримт олон. Нийслэлийн орон сууцны хорооллууд хөл тавих зайгүй шигүү төлөвлөгдсөнөөс, төлөвлөгдсөн ч гэж дээ, төлөвлөлтгүй, төлөвлөлтөөс гадуур баригдсан орон сууц, барилгууд ийм хүндрэлийг бий болгосон хэрэг.
 
 
 
Орон сууцны барилга барихад анхны зураг төсөлд нь орчны тохижилт, цэцэрлэгт хүрээлэн, авто болон явган хүний зам, ногоон зурвас сэлтийг заавал тусгасан байх ёстой. Тэр бүхэн нь хүний аюулгүй байдал, тав тухыг хангахуйц стандарт, норм, нормативыг хангасан байхаар төлөвлөлтөө хийх учиртай.
 
 
 
Түүнийг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БХБЯ зэрэг мэргэжпийн яам, агентлаг хянаж, зөвшөөрснөөр барилга баригдана. Барилгын ажлын явцад мөн мэргэжлийн хяналтынхан хяналт шалгалт хийж, эцэст нь улсын комисс хүлээн авдаг. Ийм процедурын дагуу бүх барилга, орон сууц баригдсан атлаа яагаад явган хүний замгүй, эсвэл авто машины зогсоолгүй, явган хүний зам нь хэт нарийн, барилгуудын хоорондын зай бага, орчны тохижилт хийх аргагүй байна вэ гэдэгт мэргэжпийн хяналтын байгууллагынхан хариулах ёстой. Иргэд, оршин суугчид тэднээс энэ асуултын хариуг нэхэж байх учиртай. Зураг дээрх зам л гэхэд Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дахь “Цагаан хуаран” хорооллын дүр төрх. Хэдэн мянган айлын орон сууцны хотхон атлаа авто машины зогсоол бараг төлөвлөгдөөгүй. Тиймээс явган хүний зам тэр чигээрээ авто зогсоол болчихсон. Явган зорчигчид авто зам дээгүүр амь өрсөн алхахаас өөр сонголтгүй. Ийм орчин нэхцөлтэй орон сууцны хотхоныг улсын комисс хүлээгээд авчихаж болдог юм уу? Анхнаасаа ингэж төлөвлөхийг зөвшөөрдөг юм уу. БХБЯ, МХЕГ-ынхан үүнд хариулт өгөөсэй. Стандартаа мөрдүүлээсэй. Зам дээр гээгдсэн амь бүрийн өмнөөс, аюул дундуур алхаж яваа иргэн бүхний өмнөөс үүнийг асуух ёстой.
 
 
Г.Хангарьд
Эх сурвалж: "Монголын  үнэн" сонин