sonin.mn
Шүүх прокурорын шүүрхий ажиллагаа, түмэн олонд таагүй сэтгэлгээ төрүүлэх боллоо. Хорилоо л гэнэ, цагдлаа л гэнэ хэрэгсэхгүй болголоо л гэнэ. Хэрэгсэхгүй болгох байсан юм бол хорьж цагдах хэрэг юусан билээ. Хөөн хэлэлцэх хугацаагаа дуүсгасан гээд хэрэгсэхгүй болгон гэмт этгээдэд хууль завшуулна. Хөрөнгөтэй мөнгөтэйд нь хууль үйлчилдэггүй л гэнэ. Хээл хахууль авдаг гэсэн хардалт сэрдэлт хаа сайгүй дуулдана. Хамгийн шударга байх асуудлын голыг нь олж шийдэх ёстой хуулийн байгууллага нь ийм хэл аманд өртөж байгаа нь эрхлэн гүйцэтгэгч /шүүгч прокурор/ нарын мэргэжлийн ур чадвар дорой, мэдлэг боловсрол, дадлага туршлага байхгүй зэрэг олон шалтгаанаас болж хэл аманд орж байна. Хорих цагдах асуудал шүүхийн практикт байдаг боловч өнөөгийн өндөрлөгөөс авч үзэхэд их хоцрогдсон арга юм. Ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг урьдчилан нягтлан тооцдоггүйгээс эцсийн үр дүн буруу шийдвэр гарахад хүрнэ.
 
 
 
Хорих, цагдалтын үед янз бүрийн явуулга, батлан даалт, эмнэлгийн магадлан зэрэг олон шалтаг хоногоор хууль түдгэлзүүлж завших, зарим нэг зальт этгээд гадаадад гарч интерполоор эрэн сурвалжлуулж зардал чирэгдэл болж байгаа нь хууль шүүхийнхний алдаа мөн.Тэрхүү зардлыг хуулийнхан өөрсдөө хариуцах ёстой. Гэтэл бидний татварын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа нь харамсмаар.
 
 
 
Ер нь хэрэгсэхгүй болгосон, хүн хохироосон зардлыг хуулийнхан өөрсдөө хариуцдаг байвал зохино. Тиймгүйгээс иргэн, төр давхар хохирч байна. Өнөөдөр эдийн засгийн зүйлчлэлтэй Оюутолгой, Дубайн гэрээ гэх мэт дуусдаггүй дундардаггүй, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгийг буруу зарсан олон хэргүүд яригдаж байгаа билээ. Үйлдсэн этгээдүүд нь гавьяа байгуулсан мэт сонин дүүрэн өчил бичээд л иргэдийн тархи толгойг угааж байна. Гэтэл Улсын Их Хурлын 57, 73 дугаар тогтоолд нь ямар заалт орсныг мэдэхгүй, ямартай ч 34,66 хувиар гэрээ хий гэсэн заалт ороогүй байх. Хэрэв төсөвт тийм их мөнгө орсон бол төрийн ганц үйлдвэргүй хүн амын 40 хувь нь ядуу тарчиг, иргэн бидэнд мэдэгдсэн юмгүй сууж байхгүй л байлаа. Уламжлал болон хуулиараа ч бусадтай хийх гэрээг 49, 51 хувиар хийх атал бусдад хэт давуу эрх олгон 34, 66 хувиар улс орны эрх ашгийг хохироосон гэрээ мөнөөс мөн. Гэтэл хуулийнхан тодорхой авч ярихгүй бүдэгрүүлсээр байна.
 
Ер нь манай бизнесмэнүүд, өчүүхэн ашгийн төлөө зөвхөн ашигт малтмал төдийгүй эх орны хөрс шороо, микро болон макро элементүүд, Монголын хамгийн чухал амьжиргааны эх үүсвэр бэлчээр түүний дээрх өвс ургамлыг өчүүхэн ч тооцохгүй гэрээ хэлцэл хийдэг нь харамсалтай үйлдэл юм. Манай орон чинь мал аж ахуйн орон, тиймээс өвс ургамлаа ашигт малтмалаас бараг илүүд үзэх ёстой. Хуулийнхан ч энэ хохирлыг тооцох учиртай. Шүүхийн шүүрхий, бодлогогүй үйл ажиллагаа нийгэм улс төрд ч гай тарих болов. Үндсэн хуульд, иргэд эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах байгууллагад нэгдэж болно гэж заасан болохоос ганцхан нам гэж заагаагүй. Гэтэл хэн дуртай нь элдэв нам байгуулж түүнийг нь хуулиар баталгаажуулж олон түмний дунд хагарал будлиан үүсгэж, нийгэм улс төрийн амьдралыг ээдүүлэн хэсэг бүлгийн эрх ашигт дулдуйдсан бүлэглэлүүд болон хувирав. Монголын 36 намд санаа давхардсан, ихэрлэсэн намууд олон байгаа нь бас л шүүхийн шүүрхий ажиллагааны үр дагавар мөн. Өнөөдөр Монголд зүүн төвийн буюу соцдек чиглэлийн /5/ баруун төвийн буюу ардчиллын /2/ онолын баримжаа байхгүй, хөдөлмөрийн чиглэлийн 131 ногооны 121 гэх мэт дэлхий дахинд байхгүй хувьчлалын нэртэй намууд толхилцож байна. Энэ нь сонгуулийн үеэр бүр гаарч, эвсэх ёсгүй намууд эвсэж, сонгуулийн зардал чирэгдлийг улам бүр нэмэгдүүлэн хүндрүүлж, эцэс төгсгөлгүй маргаан дагуулах болов. Шүүх хуулийнхан минь шийдвэрээ шүүрхий бүү гаргаасай гэж хүсмээр байна. Та бүхэн бусдаас илүү хариуцлагатай шударга, бөөр нь бүсэлхүйд, цэр нь цээжиндээ байх ёстой биш үү.
 
 
 
Манай хууль хатуу харгис нийгмийн үед ч шударга явж ирсэн түүх бий. Хаад ноёдын хэрэг буруудвал харц биднээс юуны ялгаа байх вэ гэж ардын дундаас төрсөн дуу байдаг. Ийм дуутай улс орон дэлхийд байдаггүй байх. “Халх журам”, Ойрдын хууль цаазын бичгүүдэд ноёд ихэс буруу хэрэг хийвэл тавиас доошгүй ташуурдах, мал ахуйгаар торгон баалах заалтууд бишгүй байдаг.
 
 
 
Өнөөдөр манай эрхтэн дархтнуудад оноож байгаа ял шийтгэл байгаа юм уу. Бухын хүзүү бүдүүн ч буулгын дор, Хүний хүү хүйтэн ч хуулийн дор гэсэн хэлц үг ч бий. Хуулиа л шударга байлгая. Хууль сайн бол эдлэх зовлон бага, хун ард амгалан. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
 
 
Д.ДЭМБЭРЭЛ /Төв Лүн сум иргэн, Нийгмийн ухааны магистр/