sonin.mn

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч авто осол гарган 66 настай хүнийг хүндээр гэмтээсэн хэрэг хэдэн хоногийн өмнө гарсан. Тэгвэл өчигдөр өглөө 08:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэр болох Таван буудлын орчимд 0023 СЭҮ улсын дугаартай цагдаагийн машин 12 настай хүүхэд дайрч амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарлаа.

Хэргийн газарт очиход ослыг харсан иргэд уг машинийг хурд, хэтрүүлэн, урсгал сөрж явсан гэсэн мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн тэд "Даргаа авах гэж яваад осол гаргачихлаа" хэмээн ярьж байхыг нь сонссон тухай ярилцаж байсан.

Уг осол гарсан автомашинд дотор 50 орчим насны хоёр эрэгтэй хүн байсан ажээ. Тус газарт нийслэлийн Замын цагдаагийн шинжилгээний баг бүрэлдэхүүн ирчихсэн үзлэг хэмжилт хийж байсан юм. Шинжээчийн бүрэлдэхүүн осол гаргасан жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багажаар шалгаж үзээд, согтолтгүй болохыг тогтоожээ.

Хохирогч Н нь 12 настай охин байсан бөгөөд сургуульдаа явж байсан байна. Хэргийн газрын нөхцөл байдлаас харахад хохирогчийн гутал нь хашлагны хажууд цүнх, утас хоёр нь 20 метрийн цаана байсан юм.

Харин хохирогчийг мөргөсөн цагдаагийн машины цонх нь цуурч, урд гупер нь хагарсан байсан юм. Хохирогчийн ээж ослын дараа хэргийн газарт очсон бөгөөд тэрээр 'Миний охин өглөө хичээлдээ явах гээд гэрээсээ гарсан. Харин гэрээс гараад 30-40 минутны дараа л осол орлоо гэсэн мэдээлэл авсан" гэж байлаа.

Хэргийн талаар нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Н.Пүрэвдоржоос дараахь зүйлийг тодрууллаа.

-Цагдаа хүүхэд дайрсан хэрэг гарлаа. Энэ хэрэг хэдэн цагийн үед гарсан вэ?
-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Таван буудлын ойролцоо 0023 СЭҮ дугаартай Сэлэнгэ аймгийн цагдаагийн машин өглөөний 07:45 минутын үед осол гаргасан. Тухайн уед тус машин дуут дохио ажлуулан эсрэг урсгалаар зорчиж байсан тухай мэдээлэл ирсэн. Ослын улмаас хохирогч хэргийн газар дээр нас барсан.

-Хохирогч хэдэн настай хүүхэд байсан бэ?
-Хохирогч Н нь 12 настай хүүхэд байсан.

-Жолооч хэдэн цагийн хурдтай явж байсан бэ?
-Жолооч цагт 65 км-ийн хурдтай явж байсан гэж мэдүүлсэн байгаа.

-Осол болсон газартай ойролцоо явган хүний гарц байдаг уу?
-Хэргийн газраас 40 метрийн зайд явган хүний гарц, гэрлэн дохио байгаа.

Дашрамд дурдахад энэ сарын 1-7-ны өдрийн хооронд зам тээврийн 102 осол гарсан байна. Дээрх ослын улмаас 25 хүүхэд гэмтжээ. Харин хоёр хүүхэд нас баржээ.

Г.Насанзаяа

Эх сурвалж: