sonin.mn
Урин дулаан цаг ирж, зам, барилгын ажил удахгүй эхлэнэ. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд “Хүний төлөө-Зөв тус” сарын аяныг ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ.
 
Энэ аяны талаар МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргалтай ярилцлаа.
 
-Улсын хэмжээнд гарч буй үйлдвэрлэлийн ослын дийлэнхийг барилгын салбар эзэлдэг. Иймд энэ салбар руу нэлээд анхаарч ажиллах уу? 
 
-Улсын хэмжээнд 2012-2014 онд нийт 1139 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 1212 хүн өртөн, 194 хүн амиа алдсан байдаг. Үүний 50 орчим хувь нь барилга, уул уурхай, зам тээвэр, холбоо, эрчим хүчний салбарт гарчээ. Технологийн үйл явц зөрчсөн, аюулгүй ажиллах арга барил хангалтгүйгээс 126, уналт нуралтаас 148, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор 134 осол гарсан байгаа юм.
 
Зөвхөн барилгын салбар гэлтгүй үйлдвэрлэлийн осол гарч болох салбар аяныг зохион байгуулснаар аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт, ажлын хариуцлага, сахилга бат дээшилж, болзошгүй осол аваар, эрсдэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
 
Энэхүү аяны үеэр аюулгүй ажиллагааг хангуулах талаар хяналтын байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн акт, албан даалгаврын биелэлтийг хангуулахад анхаарч ажиллана.
 
-Үйлдвэрлэлийн ослыг бууруулах бүр тэглэхийн тулд компаниуд яах ёстой вэ? 
 
-Урьдчилан сэргийлэх ажилд мөнгө зарцуулах ёстой. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хувьд гадна талбайн аюулгүй байдалд нийт цалингийн зардлын 24.4 хувийг, хүнийг хамгаалах хэрэгслийн зардалд 16.3 хувийг зарцуулахаар заасан.
 
Урьдчилан сэргийлэх зардлын эх үүсвэрийг гаргаад өгчихсөн байхад компанийн удирдлагуудын харилцан адилгүй ойлголт, хариуцлагаас шалтгаалаад зарим нь энэ зардлыг зарцуулахгүй байна. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх зардлыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад зарцуулах ёстой.
 
-Энэ зардлыг зарцуулж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх үү?
 
-Бид эхний удаад санхүүжилтийг бүрэн хэмжээнд өгч байгаа эсэхийг шалгах юм. Санхүүжилт өгсөн бол түүнийг авсан хүн нь хариуцлагаа хүлээнэ. Нийт ослын 88 хувь нь ажилчнаас шалтгаалж байгаа учраас компаниуд ажил үйлчилгээгээ аюулгүй гүйцэтгэх ур чадварын сургалт явуулж байна уу гэдгийг нь бас шалгана.
 
-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж чадаагүйгээс осол гаргасан байгууллагын үйл ажиллагааг зогсоох, цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах талд ямар ажил хийж байна вэ?
 
-Бидний эрх хэмжээнд үйлдвэрлэлийн ослыг давтан гаргах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүйгээс хүний амь нас эрсэдсэн тохиолдолд гурван сая хүртэл төгрөгөөр торгодог. Уг үйлдлээ давтвал холбогдох байгууллагад мэдээлдэг. Манайхаас авдаг эцсийн арга бол үйл ажиллагааг нь түр зогсоох. Бид үйлдвэрлэлийн осол гарах бүрт зогсоож, арга хэмжээ авна. Түр зогсоохдоо 14 хоногоос хэтрүүлдэггүй.
 
-Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авах вэ?
 
-Өнгөрсөн жилээс улсын хэмжээнд барьсан 621 барилгад хоёр удаа хяналт, шалгалт хийсэн. Шинээр барьж буй барилгад шалгалт хийгээд шаардлага хангаагүй бол тэр дор нь нурааж, янзлуулсан. Харин ашиглаж байгаа хэрнээ шаардлага хангахгүй барилга багууламжид шалгалт хийж, шаардлага тавьсан.
 
Ингээд шалгалтад хамрагдсан барилгуудын 87 хувь нь гүйцэтгэлээ бүрэн хийсэн гэсэн мэдээллийг ирүүлсэн байгаа. Шинжээчийн дүгнэлтийг үндэслээд хууль хяналтын байгууллагууд хуулийн хариуцлага хүлээлгэж байна.Хуульд компанийг татан буулгах заалт байхгүй. Хариуцлага алдсан эзэн, захирал нь хариуцлагаа хүлээгээд явах ёстой.
 
Энэхүү аяны хүрээнд аюулгүй ажиллах нөхцөл хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудад зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулан, биелэлтэд хяналт тавин ажиллана.
 
Удаа дараа зөрчил гаргасан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүй аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг холбогдох газруудад нь хүргүүлэн, шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллана. 
 
 
Ц.Заяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин