Өнөө үед бидний амьдрал элдэв олон код дунд байдаг болсон. Регистрийн дугаар, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтрийн дугаар, төрсний гэрчилгээний дугаар гээд мөрөө гаргаж яваа бол заримыг нь чээжлэхээс аргагүй олон тоо бий. 
 
Түүнчлэн элдэв диплом, төгсөлтийн үнэмлэхнүүдийн дугаар байна. Мөн өдөр тутамдаа гар утасны “пин, пук” кодоос эхлээд банкны картын дугаарыг санаж байхгүй бол хаашаа ч үгүй гацна. Эдгээр дээр твиттер, фэйсбүүкийн нууц кодууд байдаг.
 
Энэ бүхнийг өдөр тутамдаа ашиглаж байгаа тохиолдолд мартах нь ховор. Гэхдээ хэрэглэхгүй удвал аргагүй мартдаг. Учир нь бид аливаа тэмдэглэлт өдрөөрөө л оноож хийгээгүй бол удаан ашиглаагүй тоог эргэж санахад хэцүү. 
 
Харин банкууд тэгэж бодохгүй байна. Өнөөдөр хурдны эрин зуун. Хурдтай байх гэж л цахим карт захиалж байгаа хэрэг. Гэтэл банкны картныхаа дугаарыг мартаад АТМ машинд залгиулсан бол төвлөрдөг гэх өөр газраас очиж авах шаардлага гарч байна. 
 
Тэгээд ажилтнуудаас нь “Нууц дугаараа мартчихжээ. Хэлээд өгөхгүй юу” гэхээр дахин захилахаас аргагүй гэнэ. Дансанд нь хэдэн төгрөг ороод, хаана хаана зарцуулж байгааг нь хүртэл мэдэж байгаа юм чинь нууц дугаарыг нь явдал чирэгдэлгүйгээр хэлээд өгдөг болох хэрэгтэй байна. Итгэдэг болоод л мөнгөө хадгалуулж байгаа шүү дээ.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин