sonin.mn
Прокурорын байгууллагаас энэ оны эхний долоон сард хийж гүйцэтгэсэн ажил болон бусад гомдол, мэдээллийн шийдвэрлэлтийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
 
2016 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээллийг тоймлон хүргэвэл, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны хүрээнд 70 гомдол, хүсэлт хүлээн авч, 22667 захиргааны зөрчлийн материалыг хянаснаас үндэслэлгүйгээр захиргааны арга хэмжээ авсан 110 шийтгэврийг хүчингүй болгож, тавд нь эрүүгийн хэрэг үүсгэн, 228 шийтгэвэрт өөрчлөлт оруулсан байна. Мөн хяналт тавих обьект болон улсын байцаагчийн үйл ажиллагаанд 220 удаа шалгалт хийж, 109 хүний зөрчигдсөн эрхийг сэргээн, зөрчил гаргасан 75 албан тушаалтанд арга хэмжээ авахуулжээ. 
 
Аймаг, нийслэл, дүүрэг, тээврийн прокурорын газрууд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах ажиллагаанд тавьсан хяналтын чиглэлээр 56591 гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авч, 31.8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 27865 хэргийн 44 хувийг хэрэгсэхгүй болгож, 12 хувийг шүүхэд шилжүүлжээ. Мөн энэ чиглэлээр рокуророос нийт 200 шалгалт хийн, 4045 зөрчил илрүүлэн, 251 хүнд сахилгын арга хэмжээ авхуулсан байна. 
 
Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 454 удаа шалгалт хийж, ял эдлүүлэх үйл ажиллагаатай 3316 удаа танилцсан байна. Улмаар 99 хүнд сахилгын арга хэмжээ тооцуулж, 104 ялтан болон хоригдогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ. Мөн хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон 13 хүнийг прокурорын тогтоолоор суллаж, 31 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.
 
Энэ оны эхний зургаан сарын байдлаар ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад нийт 4000 гаруй ялтан ял эдэлж байгаа ажээ. Энэ нь өмнөх оныхоос буурсан үзүүлэлт бөгөөд 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хууль гарсантай холбоотой аж. Ялын биелэлт улсын хэмжээнд 50.2 хувьтай байгаа юм байна.
 
Гадаад улсад хорих ял шийтгүүлсэн Монгол улсын иргэн ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд БНХАУ-д ял эдэлж байсан 1 ялтанг шилжүүлэн авч, 5 ялтны хүсэлтийг хянаж, 4 хүсэлтийг шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилжээ. Мөн Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс энэ онд 3 иргэн эх орондоо шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш улсын 1 иргэн, БНХАУ-ын 2 иргэн байгаа юм.

 
М.Дайриймаа
Гэрэл зургийг: Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг