sonin.mn
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох хэргийг өнөөдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
 
Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь Засгийн газрын өнгөрсөн оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 140 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13 сая 220 086 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.
 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрөгч 3 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд Д.Энхжаргалыг Худалдан авах ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Засгийн газраас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 794 689 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 425 397 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг өнгөрөгч 5 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
 
Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг