sonin.mn
Нэгэнтээ манай олон улсын нэртэй тоймч Ш.Гантулга хаана лалын дүрвэгсэд байна тэнд терроризмын аюул заавал байдаг гэж сануулан хэлж байв. Ихэнх монголчууд энэ үгийг үл анзаарч шашин хоорондын мөргөлдөөн, дайны дүрвэгсэд Монголоос алс холуур байгаа гэж ойлгож байна. Гэвч энэ асуудал манай улсад бодитоор бий болжээ. Иргэний дайн, олон улсын терроризмын голомт болсон Афганистан, Сириэс олон мянган дүрвэгсдийг Монголд суурьшуулах асуудал дээгүүр түвшинд яригдаж байгаа гэсэн мэдээллийг манай дипломатчид өгч эхэлж байна. 
 
Терроризмтой бүс нутгийн дүрвэгсдийг Монголд ирүүлэх бодлогыг АНУ болон олон улсын байгууллагуудын зүгээс явуулж байгаа гэдгийг дипломатч судлаач Д.Баярхүү энэ оны 2 дугаар сард “Ийгл ньюс” агентлагт өгсөн ярилцлагадаа батлан хэлжээ. Тэрээр уг ярилцлагадаа “Манай Гадаад хэргийн сайдад АНУ-ын ТНБД-аас бас нэг тавьсан санал бий. Хэрэв 3000 хүн авахгүй бол 5 сая ам.доллар төл гэсэн. Дүрвэгсдийг төрүүлсэн “Арабын хавар”, түүнийг өдөөсөн мөргөлдөөнд манай улс оролцоогүй хэрнээ 3000 дүрвэгч авах юм уу, эсвэл 5 сая ам.доллар жил бүр төлөх бололцоо бидэнд байна уу? Монголчууд зөвшөөрөх үү?” гэж өгүүлсэн байна. 
 
Гэхдээ олон мянган дүрвэгч сири, афганчуудыг суурьшуулах нь Монголд их эмзэг асуудал, улс төрчид тэр болгон хөндөж зүрхэлдэггүй, монголын ард түмэн ч дэмжихгүй. Гэтэл дүрвэгсдийн нэг хэсгийг ч болов Монголд ирүүлэх бодлогоосоо олон улсын байгууллагууд татгалзах шинжгүй бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийг үүргээ биелүүлэхийг Монголоос шахаж шаардах шинжтэй, бас ч арга саам хайж байгаа ажээ. Ингээд тэд дээрх бодлогыг Монголд хэрэгжүүлэхийн тулд илүү зальтай арга зам сэдэж олсон бололтой. Тэр нь “Дэлхийн монгол угсаатнууд”-ыг нэгтгэх ариун үйл хэрэг. Харин зүсээ хувиргасан энэ хэрэгт Монголын ухвар мөчид нацист болон үндэсний үзэлт төрийн бус байгууллагууд дуртайяа нэгдэн орж байгаа бөгөөд нэр хүнд олох гэсэн улс төрчид монгол угсаатны асуудлаар тоглолт хийж эхэлжээ. 
 
Дээрх сценарын дагуу “Дэлхийн Монголчууд” нэрээр монгол түмний элгэн саднаа гэсэн сайхан сэтгэлийг ашиглаж монголчуудтай холбоогүй харь угсаатнууд, жишээ нь солонгос, балба, турк, афганы хазара зэрэг угстаатнуудыг Монгол угаатан гэж ойлгуулаад, тэдэнд Монгол улс газар нутаг өгч суурьшуулах ёстой гэсэн сурталчилгаа ихээхэн газар авч байна. Жишээ нь, Өмнөд Солонгосоос гаралтай Мүүнийхэн ийм зүйл сурталчилж, “Дэлхийн монголчуудын энхийн их наадам” гэгчийг 2011 онд Монголд хийж байв. 
 
Дэлхийн монголчууд гэсэн ухуулгын дор дүрвэгсдийг суурьшуулах нэг арга зам нь Монгол Улсын “Харъяатын тухай” хуульд өөрчлөлт оруулж, улмаар Монголд гадны иргэдийг байнга суурьшуулах эрх зүйн асуудлыг шийдэх юм. 2016 онд яг энэ чиглэлийн арга хэмжээг авч, “Харъяатын тухай” хуулийг өөрчилж, гадаад иргэдэд байнга суурьших хөх үнэмлэх олгох хуулийн төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргаж, УИХ-аар батлуулахаар оролдож байжээ. Гэтэл энэ хуулийн төслөөр “дэлхийн монгол” нэрээр афган дүрвэгчдийг Монголд олноор суурьшуулах, мөн өвөр монгол нэрээр олон мянган хятад иргэн Монголд суурьших боломжтой байсныг хэвлэлээр мэдээлж, азаар УИХ энэ төслийг буцаасан байдаг. 
Гэвч сүүлийн энэ санаархлыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тасарсангүй. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил давхар харяаллын тухай хуулийн төсөл санаачилж байгаа бөгөөд үүнийгээ дэлхийн монголчуудын хүсэл шаардлага гэж сурталчилж явна. Ц.Мөнх-Оргилын энэ үйлдэл нь Монголын иргэдийн хүсэл зориг бус, харин хилийн чанадын захиалга, нөлөөлөл гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм.
 
Харин саяхнаас МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ асуудлыг шүүрэн авч шоудаж эхлэв бололтой. Монголын улс төрийн хүчнүүдийн удирдагчдаас Н.Энхбаяр Афганистаны шашин хоорондын дайны бүсэд байдаг лалын Шийт урсгалын афганчуудын асуудлыг дэмжихээр болсныг тус намын гишүүд олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. 
 
Афганистанд 7-8 сая шийт шашинт Хазара нар амьдардаг бөгөөд тэд лалын Суннит урсгалынхантай байнга зөрчилдөөн, дайн тулааны нөхцөлд байдгийн улмаас Европ, Америк, Австрали руу олон мянгаараа дүрвэж байгаа ажээ. Хазара нар бол Афганистан нэг томоохон угсаатан, иран хэлт ард түмэн юм. Хазара нар мянган мянган жил Афганд суурьшин амьдарсаар ирсэн ажээ. Хазара нар Чингис хааны байлдан дагууллын үеэр Монголын армийн эсрэг маш хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн тул олноор хядагдан хохирсон байдаг. Хожим энэ нутгийг монголчууд эзлэн суухад зарим монголчууд нутгийн ард түмэнд уусаж, монголчуудын овог, газрын нэр ус үлдсэн ажээ. 
 
Хазара нар Афганы бусад усгаатантай ихээхэн зөрчилтэй байдаг. Гэхдээ энэ нь тэний монгол төрхтэйгээс болсон бус, харин Ираны талыг баримтлагч Шийт шашинтан, нөгөөдүүл нь Саудын Арабын талыг баримтлагч бөгөөд Сунни урсгалын шашинтан гэдгээс голлон шалтгаалсан ажээ. Жишээ нь, хазар нартай угсаа нэг, иран хэлт Аймак хүмүүс лалын Сунни урсгалынхан учир Афганы бусад угсаатантай зөрчил бага байдаг юм. 
 
О.Алтан