Эмч нар ажил хаяна, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна, MRI, CH аппарат эвдэрч Улсын I төв эмнэлэгт хагалгаа хүлээгдлээ, ХСҮТ усанд автаж, нөөцөнд байсан аппарат гэмтсэн гэх мэдээллүүдтэй энэ зун өнгөрөв. Аппаратаа зассан эсэх, зардлыг нь хэрхэн шийдсэн болон хариуцлагын талаар мэдээлсэн нь үгүй. Үйл явдлын мөрөөр сурвалжлав.
 
ХСҮТ: АППАРАТЫН СУУРЬ ГЭМТСЭНД БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЛГОНО
 
Хавдарын өвчлөл сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч улсдаа ганцхан Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Эцэст нь өргөтгөл барих шийдвэр гартал газрын асуудал нь шийдэгдэхгүй хэсэгтээ сунжрав. Энэ асуудлаа арай гэж шийдтэл барилгынх нь ажил гурван жил гацав. Барилгын ажил нь дуустал хонгил нь үерийн усанд автаж, нөөцөнд хадгалж байсан MRI аппаратын суурь нь гэмтжээ. Засах төсөв нь шийдэгдлээ гэхэд цаашид аппарат хэвийн ажиллах уу гэдэг нь бас л эргэлзээтэй юм. Энд ямар хэмжээний хохирол үүссэн, засахад гарах зардлын хэмжээг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байгаа аж.
ХСҮТ-ийн өргөтгөлийн ажлыг “Суурь” компани 2011 онд эхлүүлсэн байдаг. Гэтэл зарим ажлыг гүйцэтгээгүй хэрнээ хийсэн гээд 450 сая төгрөг аваад дампуурлаа зарлаад алга болжээ. Иймд гарын үсэг зурсан баримтуудад үндэслэн тус компанийн эсрэгэрүүгийн хэрэг үүсгэсэн гэдгийг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хэвлэлээр ярьсан. Тэгвэл уг барилгыг үргэлжлүүлэн барьсан “Зүр” компанийн ажил өдгөө мөн л дутуу байна. Улсын комисс уг барилгыг хүлээж аваад зарим ажлыг нэмж гүйцэтгэх үүрэг өгсөн ч биелүүлээгүй орхижээ. Барилгын хийц, дотор нь байрлуулах тоног төхөөрөмжөөс шаlтгаалж 2011 онд анх гаргасан зураг төсөлд өөрчлөлт орж байсан. Ажил гүйцэтгэж буй компанид шаардлага тавихаар “Зураг төслийн дагуу барьж байна” гэсээр эцэстээ холбогдох байгууллага, хариуцсан хүн нь бүдгэрсээр буух эзэнгүй болжээ.
Энэ талаар ХСҮТ-ийн холбогдох албадаас тодруулахад “Улсын мэргэжлийн хяналтын байцаагч ирж шалгаад явсан. Онцгой байдлын газраас ч баг ирж ажилласан. Авто замын хөгжлийн газар ч ажиллаж байгаа. ЭМЯ-ны ажлын хэсэг нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Эмнэлгийн барилга болон өргөтгөл үерт автсан нь ус зайлуулагч тавиагүй замын эсвэл барилгын компанийн буруу юу гэдгийг тэд тогтооно Тиймээс тэндээс тодруул” гэв. Харин энэ асуудлыг хариуцсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилга, байгууламжийн байцаагч ээлжийн амралтаа авсан. Хэлтсийн дарга нь “ХСҮТ-ийн барилга, байгууламжийн дүгнэлтийг ЭМЯ-нд өгсөн байгаа" гэв
MRI аппаратын тухайд үер усны асуудал ид яригдаж байхад “Анх Австралийн хөнгөлттэй зээлээр оруулж ирнэ гэж яриагүй” гэсэн мэдээлэл дуулдаж байсан юм. Тэгэхээр хэн, яагаад Автсралийн хөнгөлттэй зээлээр оруулж ирсэн бэ. Сайд, дарга нарын “шахааны бизнес” байсан уу гэдэг ч мөн тусдаа шалгах асуудлын нэг болж үлдэв.
 
УЛСЫН ТӨВ I ЭМНЭЛЭГ CR БАГАЖ, MRI АППАРАТАА ЗАСУУЛААГҮЙ БАЙНА
 
Улсын төв I эмнэлгийн CR багаж эвдэрч мэс засал хүлээгдэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн зургадугаар сараас дуулдсан. Мөн хоёр байдаг MRI аппаратынх нь нэг эвдэрчээ. MRI аппаратыг Австралийн Засгийн газрын хөнгөлттэй зээлээр олон улсын эрх бүхий компани нийлүүлсэн байдаг. Ханган нийлүүлсэн байгууллага болон Улсын төв I эмнэлэг, ЭМЯ-ны тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтнүүд хамтран хэд хэдэн удаа хурал зохион байгуулсан ч шийдэлд хүрэхгүй наадмын дараа хүртэл хэл ам дагуулж байв.
Улсын төв I эмнэлгийн зүгээс ханган нийлүүлсэн байгууллага доголдолтой аппарат нийлүүлсэн, эсвэл угсралтын явцад алдаа гаргасан гэсэн дүгнэлтийг танилцуулдаг. Нийлүүлсэн байгууллагынхан нь ашиглалтын буруу, цахилгааны хэлбэлзлээс үүдэлтэй гэмтэл гарсан гэдэг. ЭМЯ-ны ажлын хэсгээс бусад эмнэлгийн MRI аппарат эвдрээгүй байхад цахилгааны хэлбэлзэлтэй холбож үзэх нь өрөөсгөл гэж үзэн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар хандсан гэсэн мэдээллийг өнгөрсөн сард өгч байв. MRI аппаратыг Монголд засах боломжгүй тул гадаадаас мэргэжилтэн урьж ирүүлэхээс өөр аргагүй юм. Иймд ЭМЯ-ны зүгээс Австралийн компанид хандан эвдэрсэн аппаратыг шинээр солих эсвэл засч өг гэсэн асуудлыг тавьж албан бичиг илгээсэн сурагтай. Улсын төв I эмнэлгийн Эмнэлзүй, чанарын албанаас тодруулахад “Манай эмнэлэг хоёр MRI аппараттай. Нэг нь эвдэрсэн тул ачаалалтай ажиллаж байна. Австралийн компанид албан бичиг явуулсан гэсэн. Салбарын яам мэдэж байгаа” гэв. Энэ асуудлыг хариуцсан ЭМЯ-ны ажилтан мөн л ээжлийн амралтаа авчээ.
ЭМЯ энэ талаар албан ёсны мэдээлэл өгөх нь ойлгомжтой. Харин хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Эвдэрсэн аппаратууд Австралийн хөнгөлөлттэй зээлээр орж ирсэн, олон улсын нийлүүлэгч компани мэднэ гэхээс өөр хариуцагчдын талаар хэлчих хүн алга. Нэг улс, нийлүүлэгч компанийн цаана манай сайд, дарга нар, цаашлаад томоохон эмнэлгүүдийн дарга нарын “шахааны бизнес” юм биш биз.
 
 
Л.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ"