Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХЯ, ЦЕГ, болон бусад байгууллагын төлөөлөл сүүлийн үед үйлдэгдэж байгаа цахим хэрэг болоод түүнээс урьдчилан сэргийлэх "Unfriend" хөдөлгөөн өрнүүлж байгаа талаар мэдээлэв.
2017 оны байдлаар 299, энэ оны эхний хагаст 279 цахим гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 2 дахин нэмэгджээ. Тухайлбал “Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” зэрэг цахим хаягнууд хүүхэд залуусыг амиа хорлох, тоглоом тоглуулах, садар самуунд уруу татах, буруу зан үйлд уриалан дуудсан мэдээ мэдээлэл оруулж байгааг илрүүлэн шалгаж байгаа аж.
ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан, "Бага насны хүүхдүүдтэй нүүр зурагаа далдалсан хаягнаас холбоо тогтоож тэднийг залилах, нүцгэн зургийг нь цулгуулдаг иргэн Б-г шалгаж байгаа. Тэдгээр хохирогч хүүхдүүд эцэг эхдээ хэлэхээс айдаг, хаана хандахаа мэдэхгүй байгаагаас цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй өнгөрч байна. Иргэдээс энэ төрлийн гэмт хэргийн талаар санал гомдлыг хүлээн авах Black list хэмээх вебсайт нээж байгаа бөгөөд мэдээллийн дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж энэ мэт гэмт хэргийг таслан зогсоох бүрэн боломжтой" гэв.
Эдгээр асуудалд үндэслэн ХЗДХЯ, ЦЕГ, Монголын сурагчдын холбоо, дуучин Б.Анхбаяр нар хамтран “Unfriend” хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулахаа хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Дуучин Б.Анхбаяр, “Аав ээжүүд бид хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовох цаг нэгэнт ирсэн байна. Маш сэтгэл сэртхийлгэм гэмт хэргүүд цахим орчинд үйлдэгдэж байна. Энэхүү хөдөлгөөнд та бүхэн нэгдэж өөрийнхөө хүүхдийн гар утас, цахим хаягыг шалгаад харилцаж буй хүмүүсээ таньж байгаа эсэхийг нь шалгаарай. Үгүй бол Unfriend буюу найзын жагсаалтаас хасалт хийгээрэй” гэж уриалав.
Тус хөдөлгөөний хүрээнд Цагдаагийн байгууллагаас иргэдэд хандсан сэрэмжлүүлэг бүхий ухуулга сурталчилгааг бүхий л хэвлэл мэдээллийн байгуулагаар дамжуулан хүргэхээс гадна ЕБС-ын бүх сургуульд сургалт хийх, мөн төрийн ордонд энэ сарын 7-нд хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг