sonin.mn
БЭЭЖИН. /ТАСС/. Пакистан, Энэтхэгийн хооронд үүссэн сөргөлдөөнийг харилцан хүндэтгэлийн үндсэн дээр даруй зохицуулах шаардлагатай бөгөөд дипломат эрх зүйн нийтээр дагаж мөрдөгддөг хэм хэмжигдэхүүнийг зөрчихгүйгээр шийдвэрлэх ёстой гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Курешитай утсаар ярих үеэрээ мэдэгдсэн байна.
“Энэтхэг, Хятадын харилцаанд хурцадмал байдал даамжирч байгаад Хятад улс санаа зовниж байна. Талууд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд харилцан хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Пакистан улс цаашид нөхцөл байдлыг дордуулахгүй байхад хүчин чармайлт тавина гэж найдаж байна" хэмээн тэрбээр ярьжээ. 
Түүнчлэн Хятад улс энэхүү сөргөлдөөнийг зохицуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг тэрбээр илэрхийлсэн байна.  
Энэ сарын 14-нд Кашмирт ажиллагаа явуулж байсан Энэтхэгийн цэргийн цувааны ойролцоо амиа золиослогч халдлага үйлдсэн хэрэг гарсан нь хоёр улсын харилцаанд хурцадмал байдал үүсэх шалтгаан болсон юм. Уг Халдлагын улмаас 45 хүн амиа алджээ. Халдлагыг үйлдсэн гэдгээ лалын шашинтнуудын “Жаиш-е-Мухаммад” бүлэглэл мэдэгдсэн байна.
Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд мягмар гарагт Кашмир мужийн Пакистаны хяналтад байдаг хэсэгт орших тус бүлэглэлийн хуаранд цохилт өгчээ. Агаарын цохилтын улмаас олон босогч амиа алдаж, босогчдын тээврийн хэрэгслүүд, зэвсэг, байлдааны хэрэгслүүдийг бүрэн устгасан байна. Үүний хариуд Пакистаны Агаарын цэргийн хүчин Жамму болон Кашмир муж дахь цэргийн объектуудад цохилт өгсөн байна.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг