Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр (2019.05.23) Японы Ибараки мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Ицүка Акио тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
 
Тус муж нь манай улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлээд 20 гаруй жил өнгөрсөн байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд 20 жилийн түүхт харилцаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх зорилготой байгаагаа ноён Ицүка Акио уулзалтын эхэнд хэлсэн юм. Түүнчлэн Ибараки муж нь хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэлт, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжлөөрөө Японд дээгүүрт ордог гэлээ.
 
Хоёр улсын иргэд болон муж, аймгуудын харилцааг хөгжүүлэх нь цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг ч тэрбээр хэлсэн үгэндээ онцоллоо.
 
 
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гуравдагч хөрш Япон улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлээд 1990 оны зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед Япон Улсын Засгийн газраас эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг дурдав. Мөн тэрбээр Японы угсаа залгамжлагч хунтайж Нарухитог хаан ширээнд заларч, шинэ “Рейва” тоолол эхэлсэнд баяр хүргэсэн юм.
Монгол Улс парламентын засаглалтай. Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, харилцан айлчлалууд тогтмолжсон. Тухайлбал, 2017 онд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн Монголд, 2018 оны зургадугаар сард УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй парламентын гишүүд Японд айлчлал хийсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан парламент хоорондын харилцаанаас илүүтэй орон нутаг, муж, аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газруудын хамтын ажиллагааг ч хөгжүүлэх нь зүйтэйг уулзалтын үеэр тэмдэглэв.
Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд 2016 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтой.
Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэх, Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэх, одоо хэрэгжиж байгаа Монголын 1000 инженер сургах хөтөлбөрт 400 оюутан хамрагдаад амжилттай суралцаж байгааг онцолж байлаа.
 
Японы Ибараки мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монголоос Японд гаргах ажиллах хүчний талаар ямар бодлого баримталж байгаа талаар асууж тодруулав.
 
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Манай улс олон сая хүн амтай биш. Хөдөлмөрийн насны 1.3 сая хүнтэй учраас залуу ажиллах хүчээ мэдлэг шингэсэн салбарт ажиллуулах сонирхолтой байдаг. Ялангуяа үйлдвэрлэлийн шинэ салбаруудад залуусыг бэлтгэж, сургах хэрэгтэй. Ажиллах хүчийг гадагш явуулахад гэр бүлийн харилцаа, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэдгийг өмнөх туршлагуудаасаа харж байгаа. Цаашид гадаадад чадварлаг монгол инженерүүдийг “экспортолдог” болох цаг ойрхон байгаа гэдэгт эргэлздэггүй” гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.