sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Хүй долоон худагт очиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүдийн хамт соёолонгийн уралдаан сонирхлоо.
Дараа нь УИХ-ын гишүүд задгай асарт цуглаж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг байлцуулан хэлэлцүүлэг хийсэн юм.
 
 
Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар хэлэлцүүлгийн явцын талаар танилцуулж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Я.Санжмятав нар үг хэллээ. УИХ-ын гишүүдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх Үндэсний зөвшилцлийн ажлын хэсгийг ахалж ажиллана уу гэсэн хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад тавив.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгуулахаар Ерөнхийлөгчөөс нэлээд хэдэн санал дэвшүүлж байгааг мэдэгдлээ. Саналаа наадмын дараа өргөн барьж, хэлэлцүүлэх юм байна.   
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар үг хэлэхдээ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буй байр сууриа илэрхийлсэн юм. 
 
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ Хүй мандлын дэвжээнд дээдэс маань төрийн хэрэг хэлэлцэж байсан эртний уламжлалтай. Өнөөдөр наадмын өдөр ч гэсэн УИХ ажлаа хийж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцож байна. Монгол төрийн энэ чухал үйл хэргийг зөв, сайнаар бүтээхийн төлөө ийнхүү нэгэн сэтгэлээр хичээн зүтгэж буйд баяртай байна гэв. 
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийн дараа Үндэсний их баяр наадмын их насны морины уралдаанд түрүүлсэн хурдан бор морины эзэн, Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахынд зочиллоо.
 
 
Их Хурлын даргыг зочлохын өмнөхөн эдний галаас уяач С.Баярсайханы халиун үрээ соёолонгийн уралдаанд аман хүзүүдэж, баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсонд уяачид баяртай байв.
Ирж буй сайн цагийн бэлгэдэл болсон энэ жилийн нар, хур тэгширсэн наадамд морио түрүүлгэсэнд нь уяач Т.Галбадрахад УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж, ажил амьдралын амжилт, аз жаргалыг ерөөв.
 
Бор морь улс бүсийн наадамд 5 удаа уралдахдаа 3 түрүүлж, 2 аман хүзүүдсэн үнэхээр хурдан хөлөг болохыг уяач Т.Галбадрах хэлж байлаа. 
Т.Галбадрах Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тод манлай уяач цол хүртсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар дараа нь энэ жилийн хурдан морины уралдаанд хязаалан үрээгээ 3-т, их насны хар морио 4-т, хонгор азаргаа аман хүзүүнд давхиулж, нэг наадмаас гурван айраг хүртэж, одтой сайхан наадсан, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, залуу уяач Нямын Баттөмөрийнд зочилсон юм.
 
Соёолонгийн уралдаанд Н.Баттөмөрийн бас нэг үрээ нь 10-т давхисан байв. Эднийх Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн гал уяанд багтаж явдаг бөгөөд морьдынх нь уяа сойлгыг залуу уяач Г.Болдбаатар тааруулжээ.
Нутаг орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, Монгол наадмын дэвжээнд түүхэн амжилт үзүүлсэн Н.Баттөмөр болон танай гал уяаныханд Хонгор нутгийн зон олныхоо хүндлэлийг дэвшүүлж байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
 
 
 
УИХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС