ЖЕНЕВ. /Yonhap/. БНСУ, Японы хооронд өрнөж буй худалдааны маргааны талаарх хэлэлцээний хоёрдугаар үе шатны үеэр үл ойлголцлоо шийдвэрлэж чадсангүй гэж БНСУ-ын хэлэлцээний гол төлөөлөгч Чун Хэ Кван мэдээлжээ.
Япон экспортын хяналтаа чангатгасантай холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагад БНСУ-ын гаргасан гомдлын дагуу хоёр талын төлөөлөгчид мягмар гарагт Швейцарын Женев хотноо уулзсан байна.
 
Хэлэлцээний хоёрдугаар үе шат зургаан цагийн турш үргэлжилж, талууд харилцан бие биеийн байр суурь, арга хэмжээнүүдийн талаар нухацтай хэлэлцсэн боловч хоёр талын байр суурь өөрчлөгдөөгүй хэмээн үзсэн гэж Чун Хэ Кван мэдээлжээ. Өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан хоёр талын хэлэлцээний эхний үе шат мөн үр дүнд хүрээгүй юм.
Япон улс өнгөрсөн долдугаар сарын эхээр БНСУ-ын аж үйлдвэрийн гол бүтээгдэхүүнүүдийн экспортын хяналтыг чангатгасан юм. Өнгөрсөн онд Сөүлийн шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы фирмүүдээс шаардсантай холбогдуулан Япон хариу арга хэмжээ авж байна хэмээн олон нийт үзэж байгаа аж.
 
Японы засаг захиргаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үзэж, шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн экспортын хязгаарлалт нь шүүхийн уг шийдвэртэй холбоогүй хэмээн мэдэгджээ. 
БНСУ өнгөрсөн есдүгээр сард Японы экспортын хязгаарлалтын талаар Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ гомдол мэдүүлснээр тус хоёр орон маргаанаа зохицуулахын тулд хоёр талын хэлэлцээг зохион байгуулах шаардлага үүсжээ. Талууд санал зөрөлдөөнөө хэлэлцээний замаар 60 хоногийн дотор шийдвэрлэж чадаагүй тохиолдолд ДХБ уг асуудлыг нарийвчлан судлах ажлын хэсэг байгуулна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг