sonin.mn
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.12.11/ хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
 
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.
Байнгын хорооны 2019 оны 01 тоот тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан УИХ-ын гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллажээ.
 
 
Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд ажлын хэсгээс гарааны болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих, тэдгээрийг бүртгэх, тэдгээрт үзүүлэх татварын дэмжлэгийг зохион байгуулах журмыг Засгийн газар батлах зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулгадаа дурдлаа.
 
 
 
Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Д.Оюунхорол аливаа тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасгах бодлогыг төр, засгийн зүгээс баримталж байгааг дурдаад, технологи дамжуулах төв, хамтын оффис байгуулах зөвшөөрлийг тухайн орон нутагт аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр олгохоор Ажлын хэсгээс санал гаргасан учрыг тайлбарлахыг хүссэн.
 
 
Ажлын хэсгийн гишүүд, технологи дамжуулах төв, хамтын оффис байгуулах тусгай зөвшөөрөл олгохоор биш орон нутгийн Засаг дарга, ИТХ-аас гаргасан дүгнэлтийг бүртгэлжүүлэх гэсэн утгатай хэмээн тайлбарласан. Тиймээс дээрх саналыг найруулгын хувьд өөрчлөхөөр Байнгын хорооны гишүүд санал нэгдсэн.
Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.