2020 оны 02 дугаар сарын 22-29-нд телевиз, радиогийн үндэсний бүтээлүүдийн долоо хоног болно
 
Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгээр 2020 оны 02 дугаар сарын 22-29-ний хооронд үндэсний өв соёл, түүх, уламжлал, эх хэл, бичиг, эх оронч үзэл, монгол хүний үнэт зүйл зэргийг сурталчилан таниулсан үндэсний шилдэг бүтээл болон долоо хоногийн шилдэг хөтөлбөртэй телевиз, радио шалгаруулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан ажлын явцын талаар ярилцав. Үндэсний өв, соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн радио, телевизийн бүтээлийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгийг дэмжих, цаашид өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд:
 
1. Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио телевиз тус бүрээр
2. Үндэсний шилдэг бүтээл /радио телевиз тус бүрээр/
3. Хүүхдэд зориулсан үндэсний шилдэг бүтээл /радио, телевизийн бүтээл тус бүрээр/ шалгаруулна. 
 
Хамрах хүрээ:
 
Арилжааны радио, телевиз, студи, продакшн, уран бүтээлийн нэгдэл
Хугацаа: 2020 оны 02 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөр, бүтээл байх
Шагнал: 10-100 сая төгрөг
Бүтээлийг Харилцаа, холбоо, мэдээлэл, технологийн газарт хүлээн авч байна. /Б.Ундрал. Утас 88101847. 312835. Цахим шуудан undral@cita.gov.mn/
 
Ерөнхий шаардлага:
 
· Нийгэмд эерэг хандлага түгээх агуулга, өнгө аястай байх
· Зохиол найруулга нь уралдааны зорилго, агуулгад нийцсэн байх
· Дуу, дүрс, стандарт шаардлага хангасан байх, зураг авалт мэргэжлийн түвшинд хийгдсэн байх
· Шинэ бүтээл байх
· Нэвтрүүлгийн хугацаа 15 минутаас доошгүй байх
· Бүтээлийг уралдааны хугацаанд радио, телевизээр нэвтрүүлсэн байх
 
Агуулгад тавигдах шаардлага
 
· Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн байх
· Эх хэл, бичиг, түүний хүрээний соёл
· Уламжлалт гар урлалын дэг сургууль арга барил
· Үндэсний ёс заншил, ардын уламжлал арга ухаан
· Ардын бэлгэдэх ёсны уламжлал,
· Үндэсний наадам, уламжлалт тоглоом, наадгайн ёс заншил
· Ардын уламжлалт технологи болон Монгол хүний бүтээсэн орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци
· Угийн бичиг хөтлөх уламжлал
· Урлагийн тоглох үзүүлбэр
· Үндэсний хөгжмийн зэмсгийг урлах, хөгжимдөх, аялгуу тэмдэглэх арга барил
· Газар усны уламжлалт нэр … гэх мэт
 
Жич: Уралдаанд оролцох бүтээлийн төрлүүд нээлттэй
 
Үндэсний шилдэг бүтээл нь ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий байна.
Үндэсний шилдэг хүүхдийн бүтээл нь ёс заншил, түүх уламжлал, өв соёлыг сурталчлан таниулах, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд чиглэсэн байна. Тухайн радио, телевизээр нэвтрүүлсэн долоо хоногийн хөтөлбөрт үндэсний бүтээлүүдийн эзлэх хувь хэмжээ, үзэлтийн судалгаа, чанарт үндэслэн шалгаруулах юм. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гардуулна.