sonin.mn
Яг л наадамдаа. Үүнийг дүрсэлбэл зүүн талын засуул дээр цав цагаан толгойтой, нүдний шил нь гялалзсан шар нөхөр дэвэн дэвсээр гарч ирлээ. Түүнийг цоллож байна аа. Тэр засуулаа татаж унагах нь халаг тэмүүлэн дэвж харагдана. Улсын баатар ч гэнэ үү. Аварга ч гэнэ үү цол гуншингаа дуудуулан гарлаа. Түүний амласан бөх нь харахад жижигхэн бие хаатай ч духаараа хараад нэг л эвгүй нөхөр. Барьцгүй гүйдэг ч байж мэдэх л бололтой гэмээр Басч боломжгүй “амьтан” байна гэж наадамчид ярьж байх. Ийм нэгэн дүр зургийг наргиа болгож наадамсаж хэлэх гэсэн юм.
 
Уншигч та мэдэрсэн бол зүүн талын магнай бөх бол Нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл. Харин ам бөх нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан одоо АН-ын даргын зөвлөх З.Энхболд шүү дээ. Яагаад энэ хоёрыг учраа тааруулж бичиж байгаа юм бэ гэвэл УИХ-ын сонгуулийн чимээ тод сонсогдсон тэр үед Э.Бат-Үүл “Би энэ удаагийн сонгуульд нэр дэвшинэ. Гэхдээ З.Энхболд аль тойрогт өрсөлдөх юм. Тэр тойргийг амлаж авч байна” гэсэн билээ.
 
 
 
Яагаад ингэсэн юм бэ гэвэл өнгөрсөн хугацаанд З.Энхболдын зүгээс Э.Бат-Үүлийг өөрийнхөө нэр төрд халдсан гэж шүүхэд өгсөн байдаг. Үүнээс улбаатай өс хонзон авалтын шинж чанартай үг тэр байлаа. Бие даан нэр дэвшигч Э.Бат-Үүлийн хувьд сонгуульд оролцоод ялалт байгуулах нь гол биш З.Энхболдыг унагахыг санаархсан үйлдэл энэ. Өшөө авалт ч гэж хэлж болох юм. Үүл баатар сүүлд нь У.Хүрэлсүх, Б.Амарбаясгалан нарын тойрогт өрсөлдөнө гэх болсон.
 
 
 
Төрийн сонгуулийг өш хонзонгийн талбар болгох ийм жишээ ганц Э.Бат-Үүлийнх биш. Саявтар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Н.Номтойбаяр мөн л бие даан нэр дэвшихээ зарлахдаа хууль зүйн сайд Ц.Нямдорж аль тойрогт нэр дэвшинэв тэр тойрогт өрсөлдөж нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана гэсэн байгаа. Өмнө нь Ц.Нямдоржийн нэр дэвшсэн тойрогт Х.Бат-Ялалт, Т.Энхсайхан нар ч халз үзнэ, хэн нь дийлэхээ харна гэж омойтож байсан. Бас Ардчилсан нам доторхи таагүй уур амьсгал ширүүсэхийн хэрээр намын дарга С.Эрдэнийн тойрогт нэр дэвшигчид олширч байгаа. Тухайлбал, хуульч Д.Мөнх-Эрдэнэ "Херо холдинг"-ийн X.Ганхуяг, АЗХ-ны Д.Чимэддондог нар С.Эрдэнийг унагаахын төлөө байгаа гэх. Н.Алтанхуяг нарын талынхан Ц.Элбэгдоржийн гар хөл бологсодтой хүч үзнэ гэж байнаа. Энэ мэтээр улстөрчдийн ааш аяг гэж нэг талаасаа авах юмаар бага, төрийн сонгуулийг хувийн өш хонзонгийн талбар болгохыг санаархаж байна. Ийм эсрэгцэл нь Монголын улс төр хэр бохирдож олон түмний итгэлийг алдаж байгаагийн бүр тод илрэл юм даа. Уг нь нэр дэвшигчид Монголдоо хөгжлийн ямар бодлого хэрэгтэй байгааг олж харж, нийгэмд эрс өөрчлөлт авчрах эрх зүйн хэм хэмжээ ярьж, хэн илүү алсын хараатай, ёс зүйтэйгээр өрсөлдөх учиртайсан. Гэтэл ирэх сонгуулийн өнгө нэг л биш. Их мөнгө төгрөг зарлагадсан, нэр дэвшигчид шударгаар өрсөлдөхийн оронд бие биенээ хүйтэн харцаар харж өширхөж хэн нэгнээс улс төрийн хариу авахыг хичээгсэд олон байна. Сонгууль бол өш хонзонтойнуудын тулааны талбар биш. Тиймээс төрөө хүндэтгэх үүднээс хэн нэгнийгээ амлаж авч, шударга бус өрсөлдөөн хийхийг санаархахаа цэглэмээр юм даа улстөрчид минь.
 
 
Д.Бичээчхүү
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин