sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.05.28) Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх үйлсэд ур чадвар, мэдлэг туршлагаа дайчлан ажилласан хүмүүст шагнал гардууллаа.
Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал амжилттай хэрэгжүүлж, баталсан нь төрийн түүхэнд тэмдэглэгдэх үйл хэрэг гэдгийг Монгол Улсын Их Хурлын дарга шагнал гардуулахын өмнө онцлов. Тэрбээр “Энэ дөрвөн жилд шударга ёсыг тогтоох, төрөө тэгшлэх, эрх зүйн хувьсгал хийх, парламентаа шинэчлэх том үйл хэргийг эхлүүлсэн. Үндсэн хуулиа дагасан олон хуулийг өөрчлөн шинэчлэх ёстой. Эхний хуулиудын шинэчлэлийг хийсэн” хэмээгээд хамт олноо манлайлан, идэвх зүтгэлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнаж буйгаа хэллээ.
 
 
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 82, 83 дугаар захирамжийг Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Нямжаргал уншиж танилцуулав. 
 
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын тухай”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулах, нэр хүндтэй үйлсэд оюун ухаан, мэдлэг туршлагаа дайчлан ажиллаж, онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавьяат багш Дондовын Ламжав, Монгол Улсын гавьяат хуульч Намсрайжавын Лувсанжав, Монгол Улсын гавьяат багш Равдангийн Хатанбаатар, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан Цэдэвийн Товуусүрэн нарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнав.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Дэд ажлын хэсгийн гишүүдийг төлөөлж Монгол Улсын гавьяат багш Дондовын Ламжав үг хэлсэн юм. 
 
 
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын тухай”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай" хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцэн батлуулах хариуцлагатай ажлыг манлайлан удирдан зохион байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Лувсандоржийн Өлзийсайхан, Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд шуурхай хүргэж, мэдээллийн ил тод байдлыг хангахад идэвх зүтгэлтэй ажилласан Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Содномдаржаагийн Батбаатар нарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа.
Түүнчлэн дээрх түүхэн үйл хэрэгт мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрдэм ухаан, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын нэр бүхий 31 ажилтанд Монгол Улсын Их Хурлын даргын “Өргөмжлөл” гардуулав.
 
Энэхүү арга хэмжээний төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн үйл хэрэг, Үндсэн хууль дагасан олон хуулийг өөрчлөн шинэчлэх ажлын найдвартай ар тал, Тамгын газрын хамт олноо манлайлан ажилласан Та бүхний хуулийн засаглал тогтоох, төрөө түшин түмнээ манлайлах үйлст өндөр амжилт хүсье гэлээ. 
 
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”, Монгол Улсын Их Хурлын даргын “Өргөмжлөл” гардуулах арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Нямжаргал, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг нар оролцсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.