sonin.mn
Хүн төрөлхтний амар амгалан, энх тайвны төлөө үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулж, Монгол Улс, Монгол цэргийн нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт албаны түрүүч, байлдагч нар болон хилийн чанадад энхийг сахиулах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нийт цэргийн алба хаагчид Та бүхэндээ “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Араб-Израйлын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг хянах зорилгоор цэргийн ажиглагчдыг 1948 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анх илгээсэн бөгөөд түүнээс хойш энэ өдрийг НҮБ-аас “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. 
 
Энэхүү олон улсын өдрийн гол зорилго нь цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлийг алдаршуулах, энхийн үйл хэргийн төлөө амиа өгсөн алба хаагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэхэд чиглэгдсээр ирсэн. 
 
Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 13 энхийг дэмжих ажиллагаанд дэлхийн 120 орны 97 мянга гаруй энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улс цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад 24 дүгээрт бичигдэж байна. Тодруулбал, манай улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, цэргийн алба хаагчид НҮБ-д дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт 2002 оноос хойш идэвхтэй оролцож, энэ хугацаанд давхардсан тоогоор 18000 орчим "цэнхэр дуулгатан"-цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгээд байна.
Цаашид Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд  оролцох чадавх, оролцоог нэмэгдүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд түргэн байрлах хүчний рот, инженерийн ротыг НҮБ-ын цэргийн хүчний шаардлагад заагдсан бүтэц зохион байгуулалтын дагуу НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чадавхын бэлэн байдлын системд 1 дүгээр түвшинд бүртгүүлээд байна.
 
Монгол Улс Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор хүн төрөлхтөн, олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх боломж, чадавхыг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүний цэргийн хэргийн ур чадвар, туршлагыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байгаад миний бие бахархалтай байдаг.
Та бүхний даян дэлхийд энх амгалан байдлыг хангах үйл хэрэгт оруулах их үйлсэд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Монгол цэргийн сүлд хийморь, сүр жавхаа үеийн үед мандан бадрах болтугай!
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД