sonin.mn
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай утсаар ярилаа.
Сайд Д.Цогтбаатар “COVID-19” цар тахалтай тэмцэх хүрээнд Энэтхэгийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг тэмдэглэж, тус улсаас иргэдээ татахад дэмжлэг үзүүлсэнд Энэтхэгийн талд талархал илэрхийлээд энэ чиглэлээр цаашид хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн цар тахлыг даван туулахад бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг нэн чухал болохыг тэмдэглээд энэ чиглэлд дэвшүүлж буй тодорхой санаачилгагаа танилцууллаа. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улс дотооддоо халдвар тархаалгүй, Засгийн газрын зүгээс шуурхай, оновчтой арга хэмжээ авч ажиллаж байгааг өндрөөр үнэлээд цаашид “COVID-19”-ийн эм хангамжийн чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлжээ.
 
 
 
Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд онцгой ач холбогдол өгч байгааг сайд Д.Цогтбаатар онцлоод цар тахлын тархалтыг үл харгалзан төслийн хэрэгжилтийн явцыг улам эрчимжүүлэх талаар Энэтхэгийн талтай санал солилцов. Мөн Энэтхэг Улстай худалдааг өргөжүүлэх, логистикийн боломжийг нэмэгдүүлэх үүднээс зарим бүтээгдэхүүнийг туршилтаар тээвэрлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсныг мэдээлж, талууд энэ чиглэлд хамтран ажиллахаар болсон байна.
 
 
 
Энэ онд Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд Энэтхэгийн талаас 5 дугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан өндөр түвшний айлчлалыг цар тахал намжсаны дараа ажил хэрэг болгохоор ярилцжээ. Түүнчлэн олон улс, бүс нутгийн тавцанд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалаа хадгалж, НҮБ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллахаар тохиролцов.