sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа улс орноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ албан ёсоор гарч буйг Конгресс болон НҮБ-д мэдэгдсэн гэж хэд хэдэн төлөөлөгч “CNN” сувагт мэдээлжээ.
АНУ даяар өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдлын тоо нэмэгдээд буй энэ үед уг үйл явцыг эхлүүлжээ. АНУ ирэх оны долдугаар сараас ДЭМБ-аас гарах гэж буй нь хоёр намын хууль тогтоогчид, эрүүл мэндийн холбоод, өмгөөллийн байгууллагууд, холбоотон орнуудын шүүмжлэлд өртөөд байгаа юм.
 
“Хэрэв би сонгогдвол бүрэн эрхийнхээ хугацааг эхэлсэн эхний өдөр уг шийдвэрийг хүчингүй болгоно” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж буй Жо Байден мягмар гарагт мэдэгдсэн байна.
 
Сенатын танхимын Ардчилсан намын гишүүн Роберт Менендес, “Цар тахал дэгдээд буй энэ үед АНУ-ыг ДЭМБ-аас албан ёсоор гаргах Ерөнхийлөгчийн мэдэгдэл Конгресст ирлээ” гэж “Twitter” хуудсаараа дамжуулан мягмар гарагт мэдээлжээ.
Мөн АНУ 2021 оны долдугаар сарын 6-наас ДЭМБ-аас гарах мэдэгдлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өргөн барьсан гэдгийг Төрийн департамент нотлон мэдэгдсэн байна.
“НҮБ-ын тэргүүн АНУ-ын албан ёсны мэдэгдлийг шаардлагатай бүх нөхцөлийг хангасан эсэхийг шалгаж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг