sonin.mn
НЬЮ-ЙОРК. /CNN/. АНУ-ын Тагнуулын төв газар болон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Эдвард Сноуден өнгөрсөн онд хэвлүүлсэн “Хувийн хэрэг” номынхоо борлуулалтаас олсон мөнгөнөөсөө 5 сая гаруй ам.долларыг Америкийн Засгийн газарт төлөхийг зөвшөөрчээ.
Дурсамжийн ном нь Э.Сноудений Америкийн тусгай албанд ажиллаж байх үеэрээ гарын үсэг зурсан нууцыг үл задруулах тухай тохиролцоог зөрчиж байна хэмээн Америкийн эрх баригчид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурджээ. “Хувийн  хэрэг” номын борлуулалтаас олсон бүх орлого АНУ-ынх болно гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа аж. Энэ сарын байдлаар Сноуден номынхоо борлуулалтаас 4.2 сая ам.долларын ашиг олоод байгаа аж. Номноос гадна Сноуден нийт 56 илтгэл явуулж, тэндээсээ 1.03 сая ам.долларын орлого олсон байна.
Дээр дурдагдсан хэмжээний мөнгө төлөх төлөвлөгөөг шүүх хараахан батлаагүй аж. Э.Сноуден шүүхээс өмнө нь гаргасан шийдвэрүүдийг давж заалдахаар төлөвлөж байгаа учир Засгийн газартай гэрээ байгуулснаараа эрх баригчид дээр дурдагдсан мөнгийг шууд авна гэсэн үг биш болохыг Э.Сноудены өмгөөлөгч онцлон тэмдэглэжээ.
 
 
 
 
Сонирхуулахад, 2013 онд Э.Сноуден гадаадын төрийн тэргүүн нарын яриаг хууль бусаар чагнах, бичиж авах зэрэг АНУ-ын Тагнуулын байгууллагын цахим хяналтын аргуудын талаарх нууц мэдээллийг олон нийтэд ил болгосон юм. Тэрбээр АНУ-ын Прокурорын байгууллагын мөшгөлтөөс зугтаж, зарим улс орон руу орогнох хүсэлт илгээсний дотор ОХУ байсан ажээ. 2014 оны 8 дугаар сард тэрбээр ОХУ-д гурван жилийн хугацаатай оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд хожим дахин гурван жилээр сунгуулжээ.
 
 
 
Э.Сноуденийг АНУ-д тагнуулын тухай хуулийн хоёр зүйл заалтыг зөрчсөн хэмээн буруутгадаг байна. Тэрбээр энэ заалтуудыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зүйл анги тус бүрд наад зах нь 10 жил хоригдох ял сонсох юм. АНУ-ын Засаг захиргааны албан тушаалтнууд Э.Сноуденийг урвагч хэмээн үзэж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан тул түүнийг өршөөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа билээ.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг