Шашин нэг бүрийн хувьд бурхдын нь нэр хүнд, нөлөө бараг л ноль заах болов. Одоогоор гэгээнтнүүдийн нь тухай домог, хүндэтгэл л үлдээд байна, "амьд байна", сүсэг бишрэл ч төрүүлсээр байна. Шашны гэгдэх хамаарал бүхий соён гэгээрүүлэгчид, ижилгүй сайн үйлстэнгүүд, өглөгийн эзэд, буяны үйлстэнгүүд, нүгэлтэй бүхнээ орхиж сайны мөөрөөр орсон алдартангуудаа дээдэлдэг, тэдэн лугаа болохыг сүсэгтнүүддээ уриалдаг шинж, байдлаар нь л XXI зууны хүмүүс шашин, шашны урсгалыг үнэлдэг болоод байна. Энэрэнгүй үйлстэн, соён гэгээрүүлэгч Буддагийн нэр хүндэд түшиглэн буддизмын нэр, нөлөө өсөж буй нь харин үнэн юм. Өнөөдөр нийтдээ 500 гаруй сая хүн буддизмыг дээдэлдэг, шүтдэг гэсэн мэдээ буй. Ингэж өссөн он жилүүд бол XX-XXI зуун гэдгийг ч тодруулжээ. Анх үүсэхдээ ихээхэн шинжлэх ухаанч шинжтэй байсан эртний нүүр царай нь ч сэргэх төлөвтэй болжээ. Бурхад, тэнгэрийн орон, диваажин, там гэх мэтийн үзэл сургаал, итгэл үнэмшил одоо явуургүй болжээ.
Оршлоо үргэлжлүүлэх, нөлөөгөө өргөсгөх, нэр хүндээ өсгөхийн тулд шашин нэг бүрд эдүгээх түүхэн нөхцөл, цаг үеэ дагасан шинэчлэл хэрэгтэй байна. “XIX, XX зууны үеийн дүр төрх, царай зүсээрээ” XXI зуунд сүсэгтэн олныг өөртөө татах боломжгүй шахам болчихжээ. Энэ байдлыг лам нарын залуу үе сайн ойлгож байгаа болов уу...
Шашин нэг бүрд л шинэчлэлт, энэ үеийн өнгө аясыг тусгасан эдүгээжилт хэрэгтэй болох нь амьдрал, практикаас харагдаж байна. Шашин нэг бүр л өөрийн үнэт зүйлсээ эдүгээжүүлэн сурталчлах замаар л үлдэх, орших эрхтэй, боломжтой болно. Христос шашны олон урсгал дотроос үнэн алдартных нь нэр, нөлөө өссөөр байгаа нь мөн үнэн юм. Энэ урсгал бусад шашин, тэдгээрийн нэр, нөлөө бүхий урсгалуудтай зэрэгцэн оршиж, энх тайвны үйлсэд хамтран ажилласаар байна. Оросын Холбооны улсад олон шашин зэрэгцэн оршиж, бие биендээ найрсгаар хандаж, энх тайвны үйлсэд тус нэмэр болсоор байгаа нь бусад улс оронд үлгэр дууриалтай юм. Шашин хооронд гардаг байсан зөрчил, тэмцэл, дайн дажин дэлхийн хэмжээгээр үзэх аваас зуунаас зуунд хумигдсаар, багассаар ирлээ. Энэ бол том дэвшил юм. Томдоо орох, нэр нөлөөтэйд тооцогдох шашин нэг бүр өөрийгөө хэт товойлгон үзэх, бусдыгаа басамжлах, доорд үзэх мэтийн үзэгдэл намжлаа. Аливаа үзэл суртлын хатуу, туйлширсан зөрчил, тэмцэл байнгад л тун аюултай, сөрөг үр дагавар ихтэй байж ирсэн нь түүхэн үнэн билээ.
Олон сая, бүр хэдэн зуун сая хүний оюун санааны ертөнцийг эзэмдэж байдаг үзэл суртал болохынхоо хувьд том шашин суртал нэг бүр нь асар их хүч, инерци бүхий материаллаг хүч юм.
Энэ их хүчийг зөрчил, сөргөлдөөн, дайн болгох чигт залах, хөөрөгдөх аваас хор хөнөөл нь асар их болж, олон арван сая хүний амь, амьдрал сүйдэж байжээ. Дайны, бүр том дайны шалтгаан болоогүйгээр оршин буй том шашин өнөөдөр алга байна. Шашин суртлын үндсэн дээр гарсан дайны зарим нь 30 гаруй жил, зарим нь дэгдэж, намжсаар хэдэн зуун жил үргэлжилж, зарим нь иргэний дайн болж, зарим нь өнөөдөр ч үргэлжилсээр байгаа билээ. Ийм байдалд хүрэхгүй, хүргэхгүй байх ухаан, сэтгэл, бодлого шашин нэг бүрт байх ёстой. Энэнийг НҮБ мэт нь хуульчилж ч болох бишүү? Сүсэг бишрэлээрээ талцан алалцах нь оюун ухаант хүний хувьд том тэнэглэл шүү дээ. Нэг хүн нөгөө хүнийхээ бодол, санаа, сонирхлыг ойлгож, хүндэтгэн үзэхийн адилаар нэг үндэстэн нөгөө үндэстнийхээ шашин шүтлэгийг ойлгож, хүндэтгэн үзэж, эв найртайгаар харилцаад байж болно оо доо? Ер нь шашин шашнаа үзэн ядах ямар шалтгаан, үндэс, эрх байгаа юм бэ? Энэ талаар ч бодох, судлах, нэгдсэн ойлголт, ёс зүйтэй болох хэрэгтэй байна. Буруу номтон гэх нэр, хаягтайгаар бусдыг хөнөөх нь бүү хэл, буруушаах, хавчих, үзэн ядах эрх хэнд ч байхгүй. Үзэл суртлын аль ч хэлбэр байнгад л олон янз байсаар ирсэн, цаашид ч олон янз хэвээрээ л байх болно. Үзэл суртал, шашин суртал дахь бурангүй зүйлс нийгмүүд хөгжих хэрээр л хаягдсаар, үгүйсгэгдсээр, гарч ирээд дорхноо устаж алга болсоор байгаа шүү дээ. Хүн төрөлхтөн ухаажиж, хэрсүүжиж, юм үзэж, нүд тайлсан цаг үед бид аж төрж байгаа билээ. Төвдийн ламын шашин дахиад л улаан малгайтан, шар малгайтнаараа хуваагдаж, зөрчил, тэмцэл нь иргэний дайнд хүргэлээ гэхэд монголчууд бид дахиад аль алиныг нь дэмжиж хоёр хуваагдаад Лхас орчимд цэрэглэн очоод хоорондоо алалцахгүй шүү дээ.
XVII зууны дундуур Халх Монголын цэрэг, Баруун Монголын цэрэг яаж хядалцлаа, үр дагавар нь юу боллоо, харамсмаар түүх үлдсэн билээ. Төвдийн иргэний дайн зогсож, энх тайван тогтож, харин Монголын маань байдал, нөхцөл ямар боллоо? Энэ түүхийг бид ямагт санаж, сургамж авч, мөнхөд сэргийлж байх ёстой.
Шашин бол зарим цаг үед, зарим улс орны хувьд өөрийг нь нөлөөндөө авах гэсэн харь орны урт уургын хуувь, бугуйл болж ашиглагдаж байв. Мөн зарим цаг үед төр ба шашин хосолж байж хамтын хүчээр хүн ардаа захирах, удирдах хос ёсны арга болж ашиглагдаж байв. Бас зарим цаг үед нийгмийн ухамсрын бүх төрөл, хэлбэр шашны шүхэр доор орж, оршиж байсан түүхтэй. Энэчлэн шашны үүрэг, нөлөө, ач холбогдол, хор хорлолын талаар тун олныг өгүүлж болох юм. Шашны нөлөө тун олон янз: эвлүүлж, нэгдүүлж, бүтээх нь ч байсан, эвдэлж, задалж, мөхөөж байсан түүх ч буй. Үзэл суртал бүхний л адилаар түүхэн зам, мөр, намтар, цадигаа үлдээжээ. Уул нь том шашин болгоны бурхдууд тэнгэрт тулалдаж, хэн нь хүчтэй, хэн нь жинхэнэ бүхнийг чадагт, бүхнийг бүтээгч болохоо тодруулах ёстой байтал газар дээр хүмүүс бурхад бурхдаа өмөөрч хоорондоо алалцах нь тэнэглэл л дээ. Бурхдаас үнэн хүчтэй нэг нь ялаад "намайг л шүтэцгээ, миний номлолыг л дага" гээд хэлчих ёстой бус уу? Тэгэхгүй байгаа нь тэнгэрийн орон ч худал, бурхдууд ч худал болохын нотолгоо юм. Үнэхээр байсан бол тэд хүмүүс мэтийн өчүүхэн амьтдыг юу гэж хооронд нь алалцуулж байхав дээ! Шашин бүр өөрсдөө л, бурхад бүр өөрсдөө л нэр, нүүрээ бодох, хамгаалах ёстой байв. Улстөрийн үзэл, сурталтай харьцуулах аваас шашны үзэл, сургаал нь өөрчлөлт, шинэчлэлтэнд орох хугацаа, хурдац, хамрах хүрээгээрээ огт өөр байдаг онцлогтой. Нэгэн янзаараа удаан оршин байх, өөрчлөлт нь үл ажиглагдам байх, хамрах хүрээ нь тун ч бага байх нь шашны өөрчлөлт, шинэчлэлтийн онцлог юм.
Хүмүүсийн амьдрах хугацаа богинохон, байнгад шинэчлэгдэж байдаг болохоор тэднээс шашныг ойлгох, үнэлэх, шашны сул талыг таних, шүүмжлэх талын үзэгдэл, тохиолдол тун ховор гардаг. Зарим цаг үед шашин суртал нь халдашгүй зүйл мэт байх нь аль ч улс оронд нийтлэг байсан нь үнэн болно.
Хүний амьдрал, үйл ажиллагаанд шашны үзүүлэх нөлөө тун их. Сүсэгтнүүд шашны суртал, зан үйлийн дагуу л амьдардаг. Иймд шүтэж буй шашин нь зөв талдаа, зохистой талдаа байвал тун ч хэрэгтэй нь тодорхой. Энэнийг хүн төрөлхтөн ойлгож зохистойд тооцогдох шашныг л шүтэж байх нь чухал юм. Шашныг зохистойд тооцох шалгуур үзүүлэлтүүдийг буй болгож ч болох шүү дээ. Шашин сурталд тавигдах шаардлага, болзлын талаар санваартнууд, шашин сум хийдийн удирдлагууд хэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн шийдэлд хүрвэл юутай сайхан билээ! Шашны тэргүүн үүрэг бол хүмүүсийг хүмүүнлэг, энэрэнгүй, хөдөлмөрч болгох явдал билээ. Энэ бол оюун ухаантай амьтанд байх үндсэн шинжүүд юм. Гэгээрсэн, үнэнийг таньсан гэгдэх хүмүүсээ амьд бурхан гэж зарлах, ийм аргаар ард олныг уг гэгээнтний үзэл, санаагаар амьдруулах гэсэн арга болж Бурхдын нэрийг ашиглаж байсан нь ч мөн үнэн болно. Шашин болгонд их учир буй. Түүнийг таних, тооцох нь ч чухал юм. Хор хорлолоос өөр нөлөөгүй шашинцруудыг төр засгаас шууд л хориглож буй нь зөв. Гэхдээ учруулсан, учруулж болох хор хорлолыг нь сурталчлах, таниулах, бүр нийтэд жигшүүлэх ажлын хэмжээ, чанар муу байна. "Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш мэддэггүй, цаас хэдий нимгэхэн ч чичихээс нааш цоордоггүй" гэдэг дээ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Лхагва - 09 сарын 16,
2026
Сэтгэгдэл1
Төр мөхөөдөг боолийн шашин энэ шашин шүтсэн улс болгон мөхсөн өөрийн улс ороноо хүртэл мөхөөсөн бузар боолуудад зориулсан шашнаас ямар ид шид хүлээх вэ. Түвэдээ хүртэл тусгаар болгож чадаагүй тэнэг лам нарыг шүтээд яг яахуу?. Эд нарын оронд Цэдэнбал бараг бурхан юм уу даа?. Монголчуудыг хуурч мэхлэх өөрсдийгөө гэгээрсэн цагаарсан гэж хуурч мөнгийн сорж луйвардаж байгаа луйварчин шашиндаа шарын сектийн хэдэн лам энэ аргаараа хоолоо олж идэж монголчуудыг сорж амьдарч байна.