ТОКИО. /TASS/. Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ үүрэгт ажилдаа орсноос хойших анхны гадаад айлчлалаа 10 дугаар сарын дундуур хийнэ. Тус улсын Засгийн газар одоо түүний Вьетнам, Индонезод хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байна гэж “NHK” суваг лхагва гарагт мэдээлэв.
Японы Засгийн газар айлчлалыг зохион байгуулах улсыг сонгохдоо юуны өмнө тухайн улсын коронавируст халдварын тархалтын байдлыг удирдлага болгосон байна. Вьетнам улсын хувьд Японы эрх баригчид цар тахлын улмаас түр зогсоогоод байсан нислэгээ сэргээсэн анхны улсуудын нэг юм.
 
 
 
Сүга Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук болон Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодотой хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Уулзалтын гол сэдэв нь Япон, ASEAN-ы /Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо/ хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн Өмнөд Хятадын тэнгисийн байдалтай холбоотой асуудлууд байх төлөвтэй байна.
 
 
 
Японы парламент есдүгээр сарын 16-нд Сүгаг Японы шинэ Ерөнхий сайдаар баталсан билээ. Үүнээс хоёр хоногийн өмнө тэрбээр эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдсон юм. Сүга эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон Абэ Шинзогийн Засгийн газарт сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Өнөөдрийг хүртэл Сүга ОХУ, БНХАУ, АНУ зэрэг бусад орны удирдагчидтай хэд хэдэн удаа утсаар ярьсан байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг