-СҮҮЛИЙН АРАВХАН САРЫН ДОТОР ИМПОРТООР ОРЖ ИРСЭН 72700 ГАРУЙ МАШИНД ШИНЭ ДУГААР ОЛГОЖЭЭ-
 
Саяхан, эрхэм дээдэс, ажил хариуцсан сайд дарга нар “хахсан хойно нь хашгирав” гэгч боллоо. Улаанбаатар хотод автомашины зам түгжирч нийт хөдөлгөөн дөрвөн цаг “тэг зогсолт” хийлээ. Хотын даргыг орлож байгаа Ж.Батбаясгалан “Та нарын байтугай дарга сайд нарын машин түгжирчихлээ" гэж золтой л уйлсангүй. УИХ, Засгийн газар, Зам Тээврийн Хөгжлийн Яам, Газрууд цагдаа, замын цагдаа... ер нь сүржигнэлдээгүй газар байхгүй байх. Түргэний машин, цагдаагийн машин хүртэл түгжрэлд орсон гэж байгаа. Хотын захиргааны дарга удирдлагууд, замын цагдаагийнхантайгаа том хурал хийж “замын түгжрэлийг яавал багасгах вэ? гэж хэлэлцээд өнөөх л улиг домог болсон дугаарын хязгаарлалт дээрээ тохирч байх шиг байна. Цагдаагийн албаны нэг хурандаа царай нь барайчихсан “тэгш сондгой” хэмээн хашгирч байна. Энэ чинь, дарга сайд нар, баячуудыг хамгаалж, ядуусын “хөлийг тушдаг” шалгарсан арга шүү дээ. Жилд оруулж ирж байгаа энэ олон мянган машины чинь дийлэнх олонх нь дарга сайд нар баячуудын захиалгын машин байдаг юм. Та нар хар даа! Он гараад эхний арван сард шинэ дугаар олгосон 72700 гаруй машин чинь дийлэнх олонх нь эрхэм дээдсийн алба амины сэлгээний унаа байгаа юм. Нэг даргынх л гэхэд эхнэр нөхөр хоёр, хүүхдүүд нь тус бүр тэгш, сондгой дугаартай машинтай болсон. Тэгш дугаартай машинаа унаад, сондгой дугаартай машинаа гараашдаа цоожилчихоод гарч байгаа юм. Тэдэнд бол дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байгаа биз дээ. Харин борчууд бол явгарна аа. Автобус унаа бараадна. Явган таваргана. Өвчтэй хүнээ эмнэлэгт “үүрч аваачихад” хүрнэ шүү дээ.
Би таван жилийн өмнө бичиж байлаа. Телевизээр ч ярьж байсан. “Замын түгжрэлийг бууруулъя гэвэл та нар яаралтай түргэн тусламж, гал команд, эмнэлэг онцгой байдлын тусгай зориулалтын машинаас бусад машин импортоор оруулахыг 5-6 жилээр хориглочих” гэж. Юун хориглох нь битгий хэл улам гаарсан. Жилд дунджаар зуу орчим мянган /100000/ машин импортоор орж ирж байгаа юм уу даа. Одоо бол нийслэлийн замд өдөрт 500 мянгаас 600 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Зөвхөн Улаанбаатарын дугаартай шүү дээ. Ингэхлээр чинь түгжрэлийг бууруулъя гэж үлгэр яриад яах юм. 
 
 
 
Хатуухан хэлэхэд замын түгжрэлийг бууруулах талаар нарийн судалгаа хийсэн, өргөн хүрээтэй сэтгэсэн “толгой” үнэндээ алга. Би тэгээд л замын түгжрэл биш, зарим “толгойны түгжрэл” гэж бичээд байгаа юм. Олны нүдэнд ил байгаа. Дарга сайд нар, тэр дундаа хотын удирдлагууд энэ зунжин, намаржин яаж амрав даа? Очиход өрөө тасалгаанууд нь бүгд цоожтой, “амарсан” “гадуур ажилтай” гэдэг хоёр үг л угтдаг байсан. Тэгсэн хэрэг нь 9,10 дугаар сарын их ачааллын үед өдөр болгон л “зам хаалаа” “зам нээлээ” гэж байх юм. Бүр болиод хамгийн их хөдөлгөөнтэй замыг хааж, хотын захиргааг нүүлгэж байгаа гэх юм. 
 
 
 
Би нийслэлчүүддээ нэг зүйлийг анхааруулж бичсээр байгаа. Хотын захиргааг нүүлгэх ямар ч шаардлага байхгүй. Тэх мөртлөө Арцатын ам. Яармагийн чиглэл рүү. Энэ чинь зүгээр л хэсэг бүлэг хүний хуйвалдаан. Олон жилийн өмнөөс “талбай тойроод байж байгаа хотын захиргааны барилгуудыг нэг банкны эзэн баян хүн авах болсон гэнэ. Тэгээд хотын захиргааг хол зайдуу нүүлгэх юм байх аа” гэсэн яриа чих дэлсэж байсансан. Тэр ортой байж. Аль ч улсын нийслэл хотын захиргаа төвдөө байдаг юм. Тэгтэл, өчнөөн тэрбумын хөрөнгө зарж, явдал чирэгдэл болон хотын зах, уулын ам руу нүүлгэж байгаа нь цаанаа зохион байгуулалттай том хуйвалдаан байгаа биз?! “Хотын захиргааг нүүлгэснээр түгжрэл багасна” гэж бидний тархийг угааж байгаа. Үгүй шүү. Түгжрэл улам их болно. Хотын захиргааны орхиод явж байгаа, Д.Сүхбаатарын талбай тойрсон том орд харшуудад бас л байгууллага хүмүүс байрлана. Бүр олон машин унаатай хүмүүс байрлахыг ч байг гэх газаргүй. Одоо ачааллаа даахгүй байгаа Яармаг нисэхийн замд бараг хоёр дахин ачаалал нэмэгдэнэ. Ингээд түгжрэл буурна гэдэг чинь бидний тархийг л угааж байгаа хэрэг. Шинээр тэр их цогцолбор барьсан хайран хөрөнгө! Би тэгээд л, тэр их хөрөнгө хүч зарж хотын захад барьчихсан барилга байгууламжийг халдвартын эмнэлгийн зориулалтаар ашиглая гэж санал тавиад байгаа юм. Тэнд ойрхон эх нялхсын 300 ортой эмнэлэг ашиглалтад орчихлоо. Дунд нь зөндөө их талбай бий. Яаралтай тусламжийн нисдэг тэрэг буух талбай байгуулсан болно. Ер нь тэр орчмыг эмнэлгийн бүхэл бүтэн цогцолбор болгож болохсон доо.
Замын түгжрэлийг зохиомлоор нэмээд байгаа хэд хэдэн хүчин зүйл байгаа юм. Энэ бүхэн, ажил хариуцсан дарга нартай холбоотой. Улаанбаатар хотыг суудлын, ачааны нийлсэн 700 орчим машинтай байхад нийслэлийн төв гудамжийг байгуулсан юм. Одоогийн “Энхтайвны өргөн чөлөө” шүү дээ. Ж.Самбуу дарга явж үзээд “бидний хэдэн тэрэг явахад ийм өргөн замаар яахнав дээ” гэж байсан гэж яриа бий. Хэдэн автобус яаралтай түргэн тусламж, гал командын машинууд ёстой л дарга нарын хэдэн машин л явдаг байсан. Тэр өргөн чөлөө өнөөдөр хэвээрээ байхад хичнээн зуун, мянган машин өдөр шөнөгүй зорчиж байгаа билээ?
Хотын төвийн бүх зам адилхан ийм ачаалалтай байгаа.Улаанбаатарт энэ замын ачааллыг бууруулах, түгжрэлийг багасгах талаар ажиллах ёстой Зам Тээврийн Хөгжлийн Яам, хотын захиргаа, замын цагдаа...гээд нүсэр бүтэцтэй байгууллагууд бий. Даанч санаачлахгүй, хийхгүй байгаа юм. Замын уулзвар дээр шар цагаан хэдэн зураас зарчихдаг, салхинд хуйлраад унадаг хэдэн хашлага сараалж барьдаг. Зүүн баруун эргэхийг хориглосон хэдэн тэмдэг тавьдаг “азын "дугаар наймаалж авлига авдгаас өөр гайхуулах зүйл юу байгаа юм ?!
 
Нэг үгээр хэлэхэд хотын хөгжлийг, тэр дундаа хотын тээврийг өргөн утгаар нь харж далайцтай шийдвэр гаргадаг дарга даамлууд алга болсон байна. Дарга сайд нарын цүнх барьж гүйлдээд, албан тушаалаар шагнуулсан, юу ч мэдэхгүй хүмүүс энэ хотын түгжрэлийг арилгана гэж зүүдлээд ч нэмэргүй.
 
Улаанбаатар хотыг сүүлийн жилүүдэд удирдаж байгаа хүмүүс хэтэрхий хайнга хандсан. Алга дарам чөлөөтэй газар бүхэнд баар цэнгээний ордон, хувийн орон сууцны зөвшөөрөл өгөөд машин байтугай, явган хүн явах замгүй болгочихлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх саяхан “Улаанбаатар хотод 500 гаруй барилга барьж байгаагийн 100 гаруй нь зөвшөөрөлгүй байна. Нураа!” гэв үү дээ.
Мөн их барилга байшин шүү. Тэр бүхнийг хашаалсан, явган хүний зам, машин замруу түрээд хашаа хатгачихсан байгаа юм. Ингэж болох уу даа?! Бид чинь цөхөрч гүйцлээ.Хотод эмнэлэг сургуулийн барилгаас өөр байшин барилга битгий бариач гээд байхад зориуд санаатай юм шиг ингэж овоолоод байх юм. Зөвшөөрөл өгсөн, барьсан, хуйвалдсан хүмүүст хариуцлага тооцдоггүй, бодвол их мөнгөний авлига цаана нь явдаг байх л даа. Ингэж байхад замын түгжрэлийг бууруулах тухай ярихын хэрэг байна уу? Намайг худлаа бичиж байна гэвэл та нар зөвхөн манай Баянгол дүүргийн IV хороонд очоод үзээрэй. Зам талбайг хаасан тэр хашаа барилгуудыг би бүгдийг нь зааж өгнө.
Хотын, дарга сэтэртэй бүхэн гадаадад “туршлага судлах” нэрээр өч төчнөөн хоногоор зугаалдаг. Тэгээд өөрийнхөө хөрсөнд суулгачихаж болохоор туршлага олж ирдэг үү? үгүй! Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулъя гэхээр л, Улсын баатар Э.Бат-Үүл “Хотын баруун зүүн захыг холбосон 18 км метро бариад, түлхүүрийг нь хүлээлгэж өгчихөөд явна” гээд байлаа.
Тэр хүн, юун метро, өөдтэй зам ч барилгүй, гэр хорооллын гудамжнуудыг шавар намганд нь живүүлж орхичихоод явсан. Харин худал амлаж, их идсэнийг нь АТГ шалгаж байгаа гэв үү дээ. Бас нэг дарга хотыг хойноос нь урагш холбосон дүүжин замтай болгоно гэж айлдлаа. Нэг хүн бичсэн байна. Дарханыхаа замыг барьж чадахгүй байж “Далан давхар” дээгүүрээ дүүлдэг зам барина гэдэг ч үлгэр биз гэж. Үнэн амьдрал тэр л дээ. Зарим нь ингэж “зүүдэлдэг” болсон. Газар дээрх замдаа гарч орох болгондоо осол аваар гаргаж байгаа манайхан, агаарт яана байгаа гэж дүүжин замаар явах болж байна? Наана нь Улаанбаатарт баримаар, шийдмээр олон янзын гарц хувилбар байна шүү дээ. Тэгэхэд л яаран биднийгээ Улаанбаатарын дээгүүр дүүжин замаар сүлжилдэх юм гэнэ. Бодоосой доо!
Хожим хойно нэгэн цагт Улаанбаатарчууд дүүжин замаар байтугай нисдэг машинаар зорчих юм гэнэлээ. Түүнээс наана, дахин энэ “тэг зогсолтод" орохгүй арга замаа шийдмээр байна. Миний бодлоор бол нэн түрүүний арга хэмжээ нь ямар ч хяналтгүй орж ирж байгаа импортын энэ олон машинаа цэгцэлье.
Дарга сайд нар, баячуудын гэр бүлийнхэн тэгш, сондгой дугаартай олон машин сэлгэж унан хөдөлгөөнд оролцдогийг болиулъя. Судалгаа хийе. Хатуу шалгая. Засгийн газар хуралдаж, замын тугжрэлийг бууруулах талаар нэлээн л ярих шиг боллоо. Холбогдох хүмүүст ч үүрэг тавьсан байна. Гол анхаарах ёстой хотын даргыг орлож байгаа Ж.Батбаясгалан “Торгуулиа төлөөгүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэсэн ганцхан үгтэй. Энэ чинь, ажил хариуцсан хүмүүсийн өдөр тутмынх нь үүрэг шүү дээ. Өөрөөр, өргөн хүрээтэй сэтгэж даанч чадсангүй. Тархиных нь багтаамж л тэр юм даа. Цагдаа нь болохоороо “тэгш, сондгой" дугаараар хөдөлгөөнд оролцуулахаас өөр юм хэлж чаддаггүй. Даанч яав даа?! Хувийн өндөр үнэтэй зогсоол нэрээр хашаалчихсан сул чөлөөтэй байгаа талбайнуудыг чөлөөлбөл яасан юм.Тэнд хариуцлагатай жижүүр, цагдаа ажиллуулж байнгын журманд оруулъя. Мэдээж, замын түгжрэлийг бууруулахад хотын нийтийн тээвэр чухал үүрэгтэй. Энэ тухай хүмүүс янз бүрийн л санал тавьж байна. Хотын удирдлагууд анхааралдаа авмаар олон чухал санал санаачилга гарч байна.
 
Миний хувьд, үнэтэй саналуудыг дэмжихийн зэрэгцээ хэлмээр зүйл бас байна. Эрх мэдэл бүхий нэг дарга гарч ирээд л бужигнуулсаар байгаад хотын нийтийн тээвэр гэдэг чинь эмх замбараагүй юм боллоо.
 
Уул нь, Улаанбаатар хотыг Ц.Баасанжав, Д.Мөнхжаргал... нарын өндөр мэдлэг мэргэжилтэй дайчин дарга нар удирдаж байхдаа нийтийн тээврийг ямар сайхан зүгшрүүлж ашиг орлоготой аж ахуй болгосон гээ! Гэтэл сүүлийн үеийн дарга нар нь (цүнх баригчид) хий мэдэмхийрч бужигнуулсаар байгаад дэндүү ядмаг болгочихлоо. Дөч тавин жил дагаж мөрдөөд зүгшрүүлчихсэн зам маршрут, автобусны зогсоолуудыг бүгдийг өөрчилсөн. Хотын олон иргэд одоо хүртэл автобусныхаа буудлыг олохгүй “төөрсөн төлөг” шиг л явна. Жолооч нь замаа хардаг, кондуктор нь мөнгөө хураагаад болж л байсан.
Цахимжуулж байгаа нь энэ гээд карт ч үгүй, мөнгө ч үгүй, ямар ч хяналтгүй болгочихсон. Дуртай нэг нь жолоочид хэдэн төгрөг өгөөд л явж байгаа. Дотооддоо угсарсан шинэ автобус, троллейбусаа хэрэглэхгүй заавал гадаадын хэд дахин өндөр үнэтэй автобусыг шахдаг болсон. 
Хүүхдийн нэр барин оруулж ирж байгаа 200 автобус хэний шахаа юм бүү мэд. Шахааны эзний халаасанд их мөнгө ордог байх л даа. Хоёр давхар автобус гээд оруулаад ирсэн чинь манайх шиг огцом эргэдэг замтай газарт савчаад хэцүү гэнэ. “Жаахан хүчтэй эргэвэл савж уначихмаар юм байна. Дахиж суухгүй” гэсэн хүн зөндөө. Ийм янзын нийтийн тээвэртэй болсон.
 
 
 
Цүнх баригчидтай ажлын хариуцлага ярихаар өөдөөс нь парк шинэчлэлт, мөнгө нэхэж амыг нь тагладаг хэдэн компанитай, яана даа хот минь! Зарим хүн “Метро” нэхэж байна. Зарим нь “Агаарын дүүжин зам”-тай болъё гэнэ. Та нар “Метро" гэсэн орос номыг уншаагүй нэг нь уншаад үзээрэй. 18 км метрог 5-10 жилд барьсан туршлага байдаг юм билээ. Метро барих замд чинь нуур ус бий. Хадан уул хүртэл бий. Газрын гүнд, тэр бүхнийг туулж метро барина гэдэг чинь манайхан шиг туршлага бага, техник сул, газар хөдлөлийн байнгын чичирхийлэлд байдаг, энэ нийслэл хотод маань барьж болно гэхэд амаргүй байгаа биз?!
 
 
 
Ер нь тэгээд, аймаг сум болгонд ордог гардаг хаалга, овоо толгой бүхэнд хөшөө суварга, хотын төвд борлогдохгүй, зарим нь эзэнгүй, мянга түмэн барилга байшин барьж яах гээд байгаа юм бэ?! Хэдэн сайхан давхар гүүр, тунель барьчих л даа. Нарны гүүрийг япончууд ямар ч хаалт зогсолтгүйгээр бариад л өгнө билээ. Тийм гүүр гарц хичнээнийг ч барьчихаж болох хөрөнгийг энэ сайд дарга нар чинь ЖДҮ, Концесс, Сан... нэрээр хувааж авчихаж байгааг болиулж хурааж хумьж авмаар байна. Эрхэм дээдэс минь, энэ чинь авто зам түгжрээгүй, та бүхний толгой л “түгжрээд" байна. Наад толгойнуудаа “тэг зогсолтоос” гарга!!
 
 
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Г.Жамьян