sonin.mn

Хямрал, өр хоёроосоо салахаа байсан Грек улс дэлхийн шүтээн болсон бурхадын нутаг гэгдэх Олимп уулын модоо огтлон түлээнд хэрэглэх болсон гашуун мэдээ дуулдаж байна. Эдийн засаг нь доройтсон тус улсад мазутын татвар 20-30 хувь нэмэгдсэнээр айлууд орон гэр, байшингаа халаах гэж ой сүйтгэхдээ тулжээ. Мод огтолсон 250 хэрэг үүсч, 300 тонн мод хураан аваад байна.

 

Ингээд зогсохгүй мод их түлэх болсноор зарим хот утаанд умбах болж. Манайд ялгаагүй, гэр хорооллынхон өвлийн жавар, хаврын хүйтэнд гал ноцоох гэж Улаанбаатар хотын ойр орчмын уулын модыг устгаад дуусч буй. Хууль. дүрэм үйлчилж буй хэр нь хулгайгаар мод огтолж, хотод оруулж ирэн жижиглэн бөөнөөр зарсаар байгаа.

 

"Портер-оос томхон ачааны машинд пиг ачсан шуудай түлээг мод хулгайлагч эзэд бөөнөөр нь 900-1100 төгрөгөөр зарж, зам дагуу зогсох наймаачид түүнийг нь цааш 1500 төгрөгөөр дамлан зогсож амьдралаа залгуулдаг. Харин амьдрал мэдэхгүй албан тушаалтнууд нь нийслэлд нүүрс оруулж ирэхийг хориглоно ч гэх шиг утгагүй зүйл ярьж суудаг. Ийнхүү хямралд өртсөн Грек, эсрэгээр эдийн засаг нь өсч буй Монгол хоёр өнөөдрийн амьдралаасаа болж ирээдүйгээ устгаж байгаагаараа адил болж.