Арьс судлалын үндэсний төвийн Арьс гоо засалч их эмч ангаах ухааны магистер Ц.Сарангуа
 
Хүний арьсанд хачаг байдаг гэсэн үг үү?
 
Демодекс гэдэг нэртэй хачиг байдаг. Үе хөлтний төрөлд хамаардаг хачиг. Хүний арьс, сормуусны уутанцарт тоосны булчирхайнуудыг шимэгчлэн амьдардаг.
 
 
Энэ хачиг нь хүний арьсанд ямар нөлөө үзүүлдэгийг судалдаг гэж ойлгож болох уу?
 
Эрүүл монгол хүний нүүрний физиологи, тослог чийгшил, хүчил шүлтийн тэнцвэржилт, төрөл нь ямар байхад демодекс хачиг хэр хэмжээтэй илэрдэг юм бэ гэдгийг судлах зорилготой судалгаа хийсэн. Энэ судалгаа арьс судлалын салбарт анхдагч суурь судалгааны нэг болж байгаа юм.
 
Лемодекс хачиг нь арьсан дээр амьдарч байгаа амьд бие. Энэ хачгийг судалснаар эмчилгээний ямар арга ашиглах талаар тодорхой дүгнэлт гарч ирнэ. Өнөөгийн арьс судлалын эмчилгээнд нэвтрүүлэх зорилготойгоор дэвшилтэд технологиудыг судалгаандаа ашигласан.
 
Анх удаа нүүрний арьсны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хэмждэг аппаратыг хэрэглэлээ. Дерматоско гэх дурангийн аргаар хүний арьсны төрөл, бусад зүйлийг тодорхойлж байгаа.
 
Хачигны оношлогоог олон улсад арьсны гадаргуугийн эдийн шинжилгээнийн аргаар хийж байгаа. Өвчтөнд зовиуртайгаар тосны булчирхайн шүүрлийг шахах замаар хачгийг илрүүлэн оношилдог аргаас илүү боловсронгүй арга л даа.
 
 
Энэ хачгийг ихэссэн гэдгийг мэдэх боломж байгаа юу?
 
Сормуусны хачгийн үед нүд аргаж загатнах, нуухтах, хуурайших зэрэг шинж тэмдэг илэрдэг. Миний хувьд хүний нүүрний арьсны тосон дахь демодекс хачгийг сонгож авсан. Энэ хачиг нь 0,3-0,5 мм урттай, толгой цээж хэвлий сүүлний хэсгээс тогтдог. цээжний хэсэгтээ 4 хос хөлтэй. Толгойн урд хэсэгтээ эрүүтэй, арьсны тос их байх нь демодекс амьдрах гол нөхцөл болдог.
 
Гэхдээ тодорхой нөхцөлд амьдрах чадвараа алдахгүй байх нь бий. Демодекс хачиг нь нүүр, чихний дэлбээ, нуруу цээжний эрүүл арьсны тосны булчирхайнд байрлаж, арьс болон үсний уутанцарын гуужсан арьсаар хооллодог. Демодекс байх ёстой хэмжээнээсээ ихэсвэл нүүрэн дээр янз бүрийн юм гарч эхэлдэг.  Ихэссэн эсхийг мэдэх боломжтой.
 
 
Ямар ч арьстай хүнд байдаг уу?
 
Демодекс хачиг эрэгтэй, эмэгтэй хүмүүст арьсны бүтцээс үл хамааран адилхан байдаг.
 
 
Демодекс хүнээс өөр амьтанд байдаг уу?
Демодекс хачиг арав гаруй төрөлтэй. Хүнээс гадна туулай, нохой, гахай гээд төрөл бүрийн амьтанд бий. Гэхдээ хүнээс амьтанд, амьтнаас хүнд халдварладаг болох нь батлагдаагүй байгаа.
 
Энэ хачгийн эмчилгээг манайд хийдэг үү?
 
Энэ хачгийг 1841 онд Францын арьсны эмч нар хүний нүүрний арьсны тосны булчирхай, чихний угаас илрүүлсэн байдаг. Манайд 1976 онд арьс судлалын үндэсний төвийн лабораторид демодекс хачгийг шахах аргаар илрүүлэх болсон. Хачигны эсрэг тос, эм зэргээр эмчилдэг.
 
 
Демодекс хачиг олширвол ямар нэг өвчний эх үүсвэр болох уу?
 
Демодекс хачгаар үүсгэгддэг арьсны өвчнийг Демодекоз гэдэг. Энэ хачиг нүүрний аль нэг хэсэгт олшроод ирэхээр ихэвчлэн улаан хамар, ам тойрсон үрэвсэл, ягаан батга үүсгэдэг өвчнүүдтэй демодекоз нь хавсардаг.
 
Нүүр ирвэгнэж загатнадаг, бичил хялгасан судасны үйл ажиллагааг алдагдуулж, судас томордог, арьсны өнгө хөхөлбөр цайвар болно. Хамгийн их тохиолддог эмгэг нь улаан хамар. Улаан хамар туссан үед хамар нь лийр шиг улайн овон товон гадаргуутай болж хавагнадаг.
 
 
Эрүүл хүний нуурний арьсны физиологи ямар байх ёстой вэ?
 
Яг ямар байх ёстойг тогтоохын тулд судалгаа хийж байна. Ирэх оны ихээр судалгааны нэгдсэн дүн гарна. Гадны оронд энэ талын судалгаа хийгдсэн байдаг. Түүн дээр тулгуурлан ямар эмчилгээ хийх, ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх гээд бүгд тодорхой болно. Нэг ёсондоо гоо сайхны салбарт ажиллаж байгаа хүмүүст барьж авах судалгааны ажлын эхлэл гэж хэлж болно.
 
 
Эдийн шинжилгээний аргаар яаж шинжилдэг юм бэ?
 
Зориулалтын цавууг арьсанд нааж аван микроспокоор цавуун дээрх хачгийг харна. цавуу нь арьсны өнгөн нэг см квадрат талбайд байх хачигны тоог гаргадаг. Энэ нь өвчтөнд зовиур багатай, хурдан шуурхай эмчилгээний арга.
 
Тоог яагаад заавал гаргах хэрэгтэй вэ гэвэл эмнэлгүүд шинжилгээ аваад демодекс хачиг илрэхэд хачиг устгах эмчилгээ хийдэг. Демодекс хачиг хэдий хэмжээтэй байхад хэвийн гэж үзэх юм бэ, ер нь хүний нүүрний арьсанд байх ёстой зүйл үү гэдгийг нарийн судлах шаардлагатай байгаа.
 
 
Таны судалж байгаа аргаас өөр ямар арга олон улсад хэрэглэдэг вэ?
 
Хамгийн хурдан найдвартай арга нь эдийн шинжилгээний арга. Гинжин урвалаар гэх мэтчилэн өөр аргууд бий. Эдгээр нь цаг хугаиаа их зарцуулах, үнэ өртөг өндөртэй байдаг. Хятадын 90 мянган хүнд хийсэн судалгаанаас харахад 98,8 хувь нь демодекс хачигтай болох нь тогтоогдсон. АНУ-д 100 хүний 39-д нь байдаг гэсэн судалгааны дүн гарсан. Цаг уурын онцлогоос шалтгаалж улс бүрт өөр өөр байхыг үгүйсгэхгүй.
 
 
Хэзээнээс судалгаагаа эхэлсэн бэ?
 
Арьсны зарим эмгэгүүдийн үед демодекс яаж илрэх вэ гэдгийг 2007 оноос судалж эхэлсэн. 2009 оноос энэ судалгаагаа хийж эхэлсэн. Улаанбаатар хот дахь эрүүл монгол хүнийг төлөөлж чадахуйц гэж үзсэн 850 хүнийг судалгаандаа хамруулахаар зорьж байгаа.
 
Эдгээр хүмүүсийн арьс ямар нэг эмгэггүй өмнө нь эм ууж байгаагүй, сүүлийн нэг сарын хугацаанд эмчилгээ хийлгээгүй эрүүл арьс байх юм. Ажил, сургууль гэрээс нь хүмүүсийг түүвэрлэн судалгаандаа хамруулна. Судалгааны түүврийн хувьд 70%-тай явж байна. Шинжилгээнүүд бүгд хийгдсэн.
 
Арьсны төрөл гээд бусад зүйлийг нь тодорхойлж хачгийг нь илрүүлэх оношлогоо хийж байна. Бидний судалгааны үр дүн гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирж байгаа компани, гоо сайхны газрууд, эмнэлгүүд рүү чиглэнэ.
 
Эх сурвалж: “Эрчүүд ба Эрүүл мэнд” сонин