sonin.mn

  Чуулганы өнөөдрийн /2014.04.11/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Су.Батболдоос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Батуулга хариулт өглөө.

  Эрхэм гишүүн асуулгадаа, Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А/24 дугаар бүхий тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор зарласан төсөл, түүний сонгон шалгаруулалтын явц, ямар компаниудад, ямар хууль эрх зүйн үндэслэл, шалгуур үзүүлэлтээр, хэдий хэмжээний санхүүжилт олгосон тухай аж ахуйн нэгж тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэхийг хүсэлт болгожээ.

Энэ дагуу “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн 2013 оны хэрэгжилтийн тайлан, үхэр хонины махны үнийн харьцуулалтын графикийг гаргасныг сайд танилцуулав.

  Мөн 2014 оны хэрэгцээнд зориулж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад хэдий хэмжээний мах нөөцлөхөөр төлөвлөсөн, нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сонгосон талаар хариулт авахыг гишүүн хүсчээ.

Энэ талаар 2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийн нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, дөрвөн компанитай нийт 12 мян.тн мах бүрдүүлэхээр гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар Дархан, Эрдэнэт хотууд нийт бүрдүүлэх махыг 100% бэлтгэж, 86 хувийг нь сертификатаар баталгаажуулаад байна.

Улаанбаатар хотод нийт 7382 тн мах буюу бүрдүүлэх махны 61,5%-ийг бэлтгэснээс 4434 тн-ыг нь сертификатаар баталгаажуулаад байна гэсэн хариулт өгөв. Мах хүлээн авч буй агуулахад хянагчаар ОБЕГ, МХЕГ, оролцогч банкны төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд нөөцийн махны худалдаалалтын явцад иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хяналт тавьж ажиллах юм байна. Харин дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт Улаанбаатар хотод 12 мянга, Дархан, Эрдэнэт хотуудад тус бүр нэг мянган тн мах бэлтгэж худалдах аж.

  Цаашид мах, махан бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэл, худалдааны асуудлаар дунд болон урт хугацаанд баримталж буй бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар салбарын сайд өгсөн хариултдаа, мах үйлдвэрлэлийн салбарт 2013-2016 онуудад буюу дунд хугацаанд хүн амыг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнээр жилийн турш, жигд тогтвортой хангах, экспортыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд цаашид махны нийт зах зээлийг хөлдүү махны, шинэ махны зах зээл гэж хуваан үзэж, сумдад мал нядалгааны цех байгуулж, хээрийн бойг багасгах; хөлдүү махны нөөц бүрдүүлэх, логистик байгуулах; Улаанбаатар хотод махны төрөлжсөн агуулах, лангуу бүхий бөөний болон жижиглэн худалдааны цэгүүд бий болгох, махны чиглэлийн эрчимжсэн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх; мал бордох аж ахуй хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг дуулгалаа.

  Гишүүний асуулгад салбарын сайдын өгсөн хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ж.Батсуурь, О.Баасанхүү нар асуулт асууж, салбарын сайдаас хариулт авав.

  Дараа нь асуулга тавьсан гишүүн Су.Батболд үг хэлэв. Тэрбээр, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд үнийн өсөлт зохих хэмжээгээр саарсан гэж буй боловч хөтөлбөрийн үр өгөөжийг сайжруулах талаар салбарын яам, сайдын зөвлөл тодорхой арга хэмжээ авах шаардлагатай.

Юуны өмнө нөөцийн мах бэлтгэлийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Энэ салбарт өрсөлдөөнт зах зээл бий болгохгүйгээр цөөн хэдэн аж ахуйн нэгжийг төрөөс дэмжих нь явцгүй гэдэг нь харагдаж байна. Түүнчлэн бэлтгэсэн махны ихэнх нь ченжийн гараар дамжиж үнэ өсөж байгааг анхаарах хэрэгтэйг хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.