sonin.mn

МОСКВА. /NHK/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц ямар учраас Украины зүүн нутагт осолдсоныг тогтоох ажиллагааг НҮБ удирдан явуулах хэрэгтэй гэж ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров мэдэгдлээ.

Лавров өчигдөр Оросын болон гадаадын сурвалжлагч нарт ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна. “НҮБ-ын хяналт дор аль болох хурдан “MH17”-гийн хэргийг мөрдөн шалгах хэрэгтэй . Австрали болон Нидерландын шинжээчдийг хэргийн газарт ажиллуулах хэрэгтэй.

Украины засгийн газартай тусгайлан хоёр талын хэлэлцээ хийх замаар энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг зарим тал оролдож байна” гэж Лавров хэлжээ. Оросын шинжээчдийн хэн нь ч энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үеэр нотлох баримтуудыг нуухгүй гэж тэрбээр мөн хэлсэн байна.

Нисэх онгоцыг буудан унагаасан хэрэгт  Оросыг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүдийг холбоотой гэж сэжиглэж буй Өрнөдийн улсууд болон Украинд түүний энэ мэдэгдэл анхааруулга болж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг