sonin.mn

Дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг анхдагч эх үүсвэрээс нь цуглуулан эргүүлэн ашиглах, амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж борлуулах замаар ажилгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой төслийг ТЕХНОЖ Бизнес инкубатор төв, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр өнгөрөгч 7 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.

“Алдагдал, хаягдлыг алт мөнгө болгоё” төсөлд Толгойтын 1, 3, 5, 20-р хороо, Баянхошууны 9, 11-р хороо, Хан-Уул дүүргийн Яармагийн 7, 8-р хороо, Био-ийн 12-р хороо, Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нийт 20 бүлгийн амьжиргааны түвшин доогуур 100 гаруй өрх хамрагджээ.

Тэд өчигдөр бүтээлээрээ үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнд ус, ундаа, жүүсний хуванцар саваар: Хогийн шүүр, том, жижиг сандал, буйдан, хайрцаг, үзэгний сав , тетрапак хайрцгаар: аяны олбог, гэрийн хаяавч, ахуйн цүнх, саравч, илүүдэл хувцсаар: улавч, мужааны болон эзэгтэйн хормогч, гал тогооны болон ажлын бээлий, гутлын алчуур, ажил хэргийн болон ахуйн, зөөврийн компьютерийн цүнх, даавууны өөдсөөр: сандлын олбог, хөлийн гишгүүр, төрөл бүрийн цүнх, цаас, хатуу цаасан хайрцгаар: чихрийн таваг, ваар сав, ханын цаг, чимэглэл, үзэг харандааны сав, ахуйн хэрэглээний хайрцаг, тоглоомын хайрцаг зэрэг бүтээгдэхүүнийг урлажээ.

Өнгөрсөн хоёр сард төслийн үйл ажиллагаа тодорхой үе шат, дараалалтайгаар явсан бөгөөд хийсэн ажил, үр дүн, бэрхшээл, сургамжуудыг тухай бүр танилцуулж баримтжуулсан байна.

Төслийг танилцуулж эхэлснээс хойш хамрагдах өрхүүдийг сонгох, бүлгийн зохион байгуулалт хийх, түүхий эдийн судалгаа, нийлүүлэлт хийх, дэмжих байгууллагуудтай холбоо тогтоох, бүлгүүдийг хэрэгцээт багаж хэрэгсэл, материалаар хангах, цуглуулах, бүтээгдэхүүний зураг, дизайн, загвар, чанар үзэмжийг сайжруулах, технологийн болон ур чадварын сургалтуудыг зохион байгуулах, бүтээгдэхүүний сорил, туршилт, борлуулалт, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих талаар зөвлөгөө, мэдээлэл түгээх, хэрэгцээг судалсан аж.

Түүнчлэн төслийн хүрээнд иргэдийн туршлага солилцох уулзалт, бүлгийн ахлагчдын цугларалтыг тогтмол зохион байгуулж, бүтээгдэхүүний борлуулалтын боломжийг судлах, фэйсбүүк хуудсанд 6000 гаруй лайк цуглуулан, онлайн сувгаар дамжуулан мэдээлэл сурталчилгаа явуулах зэрэг ажлыг хийжээ. Түүнчлэн “Дахин хэрэглэе, ахин ашиглая” уриатай хоёрдогч түүхий эдээр шилдэг бүтээл, бүтээгдэхүүн хийж шалгаруулах уралдааныг Улаанбаатар хотын хэмжээнд 10 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд зарлав.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг