sonin.mn

2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

Монгол улсад:

Халдварт өвчин, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.

Дэлхий дахинд:

Эбола вируст халдварын тохиолдол албан ёсоор нэмж бүртгэгдээгүй байна

2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дэлхийн 8 оронд 8471 хүний өвчний тохиолдол бүртгэгдэж, 4076 (48%) хүн нас барсан байна. Үүнээс 416 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 233 хүн нас барсан байна. Одоогоор нэмэгдсэн мэдээлэл байхгүй байна.

Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр АНУ-ын Техас мужид эрүүл мэндийн ажилтан өвчилсөн тухай мэдээлсэн бөгөөд өвчтөнд 10 дугаар сарын 10-ны өдөр халуурах шинж тэмдэг илэрсэн. Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын нэг хүний эрүүл мэндийг хянаж байна.

 Эх сурвалж: www.who.int

Сэрэмжлүүлэг:

 • Өвчин бүртгэгдэж буй улс орнуудад онцгой шаардлага гараагүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх,

 • Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:

 o Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхгүй байх;

 o Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх;

 o Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх;

 o Арьс, салстаа гэмтээхгүй байх;

 o Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх;

 o Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх;

 o Гарын ариун цэврийг чандлан сахиж, гарын арьсны салстыг гэмтээхгүй байхыг сануулж байна.

  • Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт буюу “health declaration” болон орох, гарах хуудас дахь (arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн, албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх,

  • Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш 3 долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвд (100 тоот утас болон хүлээн авах) яаралтай хандахыг зөвлөж байна.

Шуурхай удирдлагын төв