sonin.mn

Баянзүрх дүүргийн IV хороонд газрын төлөөх ээлжит “дайн” дэгдлээ. Ийм төрлийн үл ойлголцол нийс­­­лэлд байсхийгээд гар­даг ч ихэвчлэн оршин сууг­чид ялагдал хүлээн хо­­­хирч үлддэг.

Энэ удаа ч мөнөөх “бичигдээгүй хууль” үйл­чиллээ. “Энэ дайн ганцхан өчигдөр өрнө­сөн үйл явдал биш” гэдгийг тэр хавийн оршин суугчид гэр­­­чилж байгаа. Чухам юу­наас болж барилгын ком­панийнхан болон иргэдийн дунд үл ойлголцол үүс­­сэнийг харахаар Баян­зүрх дүүр­гийн IV хорооны дөрөв­дүгээр байр­ны хойд талд сүндэрлэж байгаа 10 давхар орон сууц­ны ба­рилгын тал­байд очлоо.

Биднийг очиход тус дүүр­гийн оршин суугчдын тө­лөөлөл болон хорооны Засаг дарга Д.Оюунтуяа нар тэнд оччихсон байв. Ганц нэг телевизийн сэт­гүүлч, операторууд Засаг даргын хамт очсон байхыг барилгын ажилчид нь хараад, барилга дээрээс “Муу п.... минь, бит­гий хүний бөгс ухаад бай” гэх мэтээр хорооны За­саг дарга руу орилолдож байлаа.

Энэ барилгыг “Мон Хаус” компанийн захиал­гаар “Меррор Тауэр” ком­пани гүй­­цэтгэж байгаа аж. Эдгээр компанийн аль аль нь монгол эзэн, мон­гол ажилчинтай юм билээ. Өнгөрсөн хавраас эх­­лэн барилгын ажлаа эх­лүүл­сэн уг компанийн үйл ажил­лагааг тэр хавийн ор­шин суугчид анхнаасаа л эсэр­гүү­цэж байсан ч хүчин мө­хөстсөн тухайгаа хэлж бай­сан.

Барилгын ком­па­нийн­­хан шөнөөр ирж нүх ухан, хундаамаа цут­­гасан гэнэ. Иргэдийн авто­ма­ши­ны зогсоолыг булаасан энэ ком­­­панийн албан ёсны зөв­­­шөөр­лийг үзье, барилгын ин­женер болон эзэдтэй нь уулзъя хэмээн хорооны За­саг дарга нь удаа дараа хү­сэлт тавьж, шаардлага хүр­гүүл­сэн ч өнөөг хүртэл ту­­­сыг эс олсон аж.

Бараагаа ч харуулдаггүй эзэдтэй энэ барилгын ком­панийнхан хундаамаа цут­гасныхаа дараа оршин суугчдад “Долоон давхар орон сууцны барилга ба­рина. Түүнийхээ нэг, хоёр­дугаар давхрыг цэцэрлэг болгож, хорооныхоо хүүх­дүүдийг бүртгэж авна” хэмээн чихэн дээр нь цэцэг ургуулжээ.

Гэтэл одоо долоо биш, 10 давхар барилга барьчихаад, доод талд нь хувийн цэцэрлэг ажиллуулахаар ярьж байгаа аж. Энэ нь амьдарч буй орчноо сүйт­гүүлж, амар амгалан байд­лыг мэдрээгүй хэдэн сар болсон оршин суугчдын ундууц­лыг улам бүр хүр­гэсэн бололтой.

Өчигдрийн байдлаар 10 давхар болж сүндэр­лэсэн барилгын тал бүрт нь гарч харахад авто­зогсоол, хүүхдийн тог­лоомын тал­бай, ногоон байгуу­ламж­гүй ба­рилга болох дүр зурагтай байв. Хэний ч нүднээ ил ийм газарт зөвшөөрөл олгож байгаа мэргэжилтнүүд нь газар дээр нь ирж хар­даггүй л юм байх даа. Уг нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар хэмээх байгууллага энэ асуудлыг шийдэж, зохицуулдаг бай­маар юм.

Юутай ч хорооны Засаг дарга, оршин суугчдын үгийг үл тоон үйл ажил­лагаа явуулж байгаа энэ барилгын нууц ноёнтон нь хэн бэ, албан ёсны зөв­шөө­рөлтэй эсэхийг нь сонир­хо­хоор барилгын талбай руу ороход, “Талбай хариуцсан инженер гадуур ажилтай яваа. Энэ хүнтэй л ярь. Утасны дугаар нь 966372.., өөр дугаар байхгүй” гэх үгийг бараг хүн бүр тоть шиг давтаж байв.

Барилгын компаниас мэдээлэл авч чадаагүй уч­раас оршин суугчдын болон хорооны Засаг даргын байр суурийг сонссон юм.

Ийм газарт зөвшөөрөл олгодог дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй

-Барилга баригдсан энэ газарт өмнө нь автозогсоол байсан гэлээ. Ямар зо­риу­лалтаар барилга ба­рина гэж “Мон Хаус” ком­­­па­нийнхан иргэдтэй то­хи­­ролцсон юм бэ?


-Энэ газрыг одоогоос дөрвөн жилийн өмнөөс эх­лэн зогсоолын зориулалт­тай ашиг­лаж байсан. Гэтэл өн­гөрсөн хавраас эхлэн суу­рийг нь тавьж, барилга угсралтын ажил явагдаж эхэлсэн. Барилгын үйл ажиллагаа эхэлсэн цагаас эхлэн энэ барилгын ком­панийн нө­хөдтэй уулзах гэж удаа дараа шаардах болон мэдэгдэх хуудас өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар хүмүүс байдгийг нь ч харж чадаагүй. Ингэнэ тэгнэ гэж иргэдтэй то­хирсон зүйл байхгүй.

Энэ хугацаанд иргэдээс нэг ч удаа санал хүсэлтийг нь сонсоогүй шууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг нь өөрөө хууль зөрч­сөн үйлдэл. Яагаад гэвэл Нийслэлийн иргэдийн тө­лөөлөгчдийн хурлаас Ба­рилгын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажил­лагаатай холбоотой жур­мыг энэ оны дөрөв­дүгээр сарын 10-нд баталсан шүү дээ.

Гэтэл энэ компанийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нь дөрөвдүгээр сарын 28-нд гарсан байдаг. Энэ журманд 30х30 метр тутмын оршин суугчдын оролцоог хангаж, са­налыг нь авах ёстой. Ингэсний эцэст барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах ёстой бай­сан. Гэтэл ажлаа эх­лүү­лэхдээ иргэд, оршин суугчдын саналыг огт сонсоогүй.

Мөн дулааны шугам сүлжээ, цахилгаан түгээх сүлжээ компанийн тех­никийн нөхцөлүүд нь дандаа хугацаа дууссан байгаа. Хугацаа дууссан тех­никийн нөхцөлд үндэс­лэн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий тө­лөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа олгосон байгаа юм.

Ингэж хууль зөрчиж, зөвшөөрөл авчихаад шөнө оройн цагаар барилга угсралтын ажлаа хийж, иргэдийн амар амгалан байдлыг алдагдуулж байна. Энэ мэтээр дураараа дур­гиж, дунд чөмгөөрөө жир­гэн байж барьсан ба­рилга нь ашиглалтад орсон хойноо ч оршин суугчдын тав тухыг хангахуйц барилга болохгүй нь хэнд ч илт. Машины зогсоол, хүүхэд хөгшдийн нарлах талбай бүү хэл, явган хүний зам ч үгүй нь харагдаж байгаа биз дээ.

-Албан ёсны газрын зөвшөөрөлтэй юм болов уу?

-Таван жилийн хуга­цаатайгаар 2012 онд авсан 20х20 метр буюу 400 ам метр талбайн зөвшөөрөлтэй. Гэтэл 16х16 ам метр талбайд нь эд нар барилгаа барьчихсан. Тэгэхээр хаана нь ногоон байгууламж, автозогсоол байх нь бүрхэг.

Үндсэндээ хүний тухтай амьдрах боломжийг хангаж чадахгүй орон сууц болох нь тодорхой байна. Хүний амьдрах орчныг бүрэн цогц­лоож чадахгүй ийм газарт зөвшөөрөл олгож л байдаг.

Бидний амар амгалан байдлыг байнга эвддэг

Ж.Цэрэнпил Баянзүрх дүүргийн IV хорооны иргэн


Бид энд барилга ба­рихад дургүй байсан. Гэх­дээ шөнө ирээд газрыг нь ухчихсан байсан. Энд долоон давхар барилга барих гэж байна. Түүнийхээ доод талын хоёр давхарт цэцэрлэг барих гэж байгаа гэж хэлсэн. Үнэн бол сайхан л юм гэж бодож байтал саяхнаас хувийн цэцэрлэг гэнэ гэх яриа тархаад байна. Иргэдтэй гэрээ ч хийгээгүй байж барилгын ажлаа эхлүүлчихээд, сүүлд нь ингэж хуурч болохгүй биз дээ. Түүнээс гадна дандаа шөнө оройгоор, эсвэл амралтын өдрөөр маш их дуу чимээ гаргадаг. Манай байрнууд чинь хуучных учраас ахмадууд голдуу байдаг. Гэтэл биднийг хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. Харин ч бас сүүлийн үед чимээ нь арай л багасаад байна. Түүнээс биш, хэцүү байсан шүү.

Зөвшөөрлийг нь шалгахад техникийн нөхцөл нь хугацаа хэтэрсэн байсан

Иргэдийн амьдрах орчныг бүрэн эвдэж байна шүү дээ. Хуучин авто­зогсоол байхад машинаа тавьдаг байсан иргэдийн эрхийг зөрчөөд одоо бас бус хүмүүсийн эрх ашгийн зөрчиж байна. Ийм газарт зөвшөөрөл олгодог мэргэж­лийн бай­гуул­лагуудыг л буруут­гамаар байна.

Албан ёсны зөвшөөрлөө шалгуул гэхээр юм үзүүлэхгүй байсан. Өнгөрсөн ням гарагт хорооны Засаг дарга, оршин суугчдын төлөөлөл нийлж, цагдаагийн хүч ашиглан байж зөв­шөөр­лүүдийг нь үзсэн. Гэтэл техникийн нөхцөл нь хугацаа хэтэр­сэн гэх мэт зөр­чил илэр­сэн. Оршин суугчдыг дээрэлхсэн иймэрхүү үйлдэл удаа да­раа гардаг боллоо. Үүнийг болиулах хэрэгтэй шүү дээ.

М.Уянга

Эх сурвалж: