sonin.mn

Украины парламентын ээлжит бус сонгуулийн са­нал хураалт өнгөрсөн ням гарагт боллоо. Дээд Рада­гийн /парламент/ ги­шүүдийг сон­гох санал ху­раалтад украинчуудын 30.23 хувь нь оролц­сон талаар Сонгуулийн төв комиссоос мэдэгдсэн байна.

Барууны орнуудын улс­төр шинжээчдийн үзэж буйгаар энэхүү сон­гууль нь Майданы хувьс­га­­лаар Ерөнхийлөгч асан В.Януковичийн засаг за­хиргааг шинэчилсний да­раах Украины улстөрийн шинэ суурь болох аж. Хэт даврагсад хяналтаа тогтоо­гоогүй Донецк, Луганск мужийн хот, суу­рингийн иргэд сонгуульд санал өгчээ.

Өнгөрсөн ням гарагт байдал харьцангуй тайван байсан тул Донецкт санал хураалт 28.41 хувьтай бай­жээ. Донецкийн засаг за­х­ир­гааны төлөөлөгч А.Кихтенко “Санал хураалт явуулахаар төлөвлөсөн хэс­гүүдэд зохион байгуулалт сайн байсан. Нийгмийн хэв журам зөрчсөн тохиолдлууд гарсан ч цагдаа нар арга хэмжээ авсан” хэмээн мэ­дэгдлээ.

Харин Луганскт иргэдийн 23.16 хувь нь саналаа өгсөн нь хамгийн хангалтгүй үзүүлэлт болжээ. Хэт даврагсдын эзэлсэн дүүргүүдийн гурван сая ор­чим иргэн парламентын сонгуульд саналаа өгөөгүй байна.

Иргэд хамгийн идэвхтэй саналаа өгсөн муж нь Черниговск байсан бөгөөд оршин суугчдын 48.64 хувь саналаа өгсөн аж. Санал хураалт Полтав мужид 43.28, Киев мужид 42.75, Запорож мужид 36.75 хувьтай байсан талаар Сонгуулийн төв комиссоос мэдээлсэн. Харин Одесс мужийн иргэд санал өгөхдөө хайнга хандсан бөгөөд санал хураалт 25.54 хувьтай байв.

Ерөнхийлөгч П.Порошен­ко­гийн нам парламентын сонгуульд тэргүүлж байна. Саналын хуудсын 15 хувийг тоолсны дараа “Блок Петра Порошенко” нам 21.85 хувийн санал авчээ.

Харин Ерөнхий сайд А.Яценюкийн “Ардын фронт” нам 21.64 хувийн санал авсан талаар Сон­гуулийн төв хороо­ноос мэдэгдсэн. Түүнээс гадна “Радикальная пар­тия Олега Ляшко” нам 8.27, Дээд Радагийн ги­шүүн асан улстөрчдийн “Оппо­зи­ционный блок” 9.17, Львов хотын мэр А.Садо­войн “Самопомощь” 9.35, Ерөнхий сайд асан Ю.Тимошенкогийн “Бать­кив­щина” нам 6.37 ху­вийн санал аваад байна. Украины улстөрийн 52 на­маас 29 нь намын жагсаал­таар сонгуульд өрсөлдсөн бол үлдсэн 23 нь нэг мандат бүхий тойрогт нэр дэвшигчээ тодруулах юм.

Ерөнхийлөгч П.Поро­шенко санал өгөх үедээ “Украины ард иргэд ухам­сартайгаар саналаа өгнө гэдэгт найдаж байна. Сонгуулийн дараа Дээд Радад Европын үзэл ба­римтлал бүхий эвсэл бай­гуул­на. Парламентад олонхын эвсэл байгуулахгүй Ерөн­хийлөгчийн төлөвлөгөө цаасан дээр үлдсэн баримт болно. Украины зүүн өм­нөд мужуудад очоод ир­лээ. Хүмүүс Донбасст са­нал хураалтын хэсгүүд нээг­дээгүй гэж ярьж байгаа ч санал хураалтын явц ямар нэгэн зөрчилгүй, хэвийн нөхцөлд явж байна” хэмээн хэлсэн аж.

Украины Үндсэн хуу­лийн дагуу парламентын сон­гуулиар Дээд Радад 300-гаас цөөнгүй гишүүн сонгогдох ёстой юм. Өнгөр­сөн гуравдугаар сараас хойш улстөрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа Украины нийгэмд радикал үзэлтэй бүлгүүд бий болсон. Радикал үзэлтэй иргэд ав­лигад автсан улстөрчид рүү халдах явдал газар авсан аж.

Киев хотын иргэн, банкны ажилтан саналаа өгсний дараа “The Guardian” сайтын сэтгүүлчид “Украины Засгийн газар иргэдээ сонсохыг хүсдэггүй гэдгээ өнгөрсөн жил ха­руулсан. Гэвч засаг захир­гааг эсэргүүцсэн хувьс­галаар олон хүн амиа алдсан учраас бид энэ Засгийн газ­раа хамгаалан үлдэх ёстой” хэмээжээ.

Н.Тунгалаг

Эх сурвалж: