sonin.mn

Сүүлийн үед Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилж, цалинг нь нөхөн олгох шийдвэрийг шүүхээс гаргасан гэх мэдээлэл цацагдах болсон. Харин уг мэдээллийг Дээд шүүхээс үгүйсгэж, анхан шатны шүүх хурал болоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдээд байгаа юм.

Шүүх хурал ч болоогүй байхад шүүхийн шийдвэр гарсан мэтээр мэдээлэл цацаж байгаа нь олон хардлагыг дагуулж буй. Шүүх, шүүгчийн шийдвэрт хэн нэгэн нөлөөлөх гэсэн оролдлого хэмээн харж ч болно. Тэгвэл уг асуудал хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэгдэх ёстойг хариуцагч талын өмгөөлөгч  А.Зүмбэрэлээс тодрууллаа.

-Т.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилсон гэх мэдээлэл цацагдаад буй. Гэтэл шүүхийн байгууллага үүнийг үгүйсгэсэн. Юу болоод байгаа нь олон хүний сонирхлыг татаж байна л даа?

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Т.Билэгтийг ажилдаа буцаан томилогдсон гэх мэдээлэл тараад байна. Энэ бол ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Анхан шатны шүүх хурал ч болоогүй байгаа. Өнгөрсөн нэг дэх өдөр шүүх хурал хуульд заасан үндэслэлээр хойшлогдсон.

Шүүгчийн захирамж тавьчихаад албан ёсоор шүүгчийн захирамж гарсан мэтээр олон нийтэд худлаа мэдээлэл тарааж байгаа нь хууль зөрчиж байна. Энэ нь шүүгчийн хараат бус, шүүхийн биеэ даасан байдалд халдах гэсэн оролдлого хардлагыг төрүүлж байна.

-Т.Билэгтийг томилсон гэх албан бичиг нь шүүгчийн гарын үсэг, тамга тэмдэгтэй байсан?

-Мэдээллийн хэрэгслээр тарсан албан бичиг бол гомдол хэлэлцсэн шүүгчийн захирамж. Энэ захирамжийг ч бас хууль бус гэж хариуцагчийн зүгээс гомдол гаргаж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулиар тухайн хүн үндэслэлгүй халагдсан нь тогтоогдох юм бол буцаад ажилдаа орж, цалингаа нөхөж авдаг зохицуулалттай. Гэтэл тухайн хүн ажилдаа эргэж орох тухай шаардлага гаргаагүй байхад шүүхээс энэ хүн ажилдаа эргэж орно гэж таасан шийдвэр гаргачихаад байгаа юм.

-Тэгэхээр шүүхийн өмнөөс хэн нэгэн ажиллаад байна уу? Эсвэл шүүх тухайн хүнд үйлчлээд байна уу?

-Хэн нэгэн ажиллаж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ их ээдрээтэй маргаан. Засгийн газрын тогтоол актын хувьд захиргааны хэргийн харьяаллын юм шиг хэрнээ ажлаас халсан асуудал нь иргэний хэргийн маргаан болчихоод байгаа.

Иргэний хэргийн үүднээс нь авч үзвэл нэхэмжлэгчийн шаардлага зөвхөн захиргааны актыг хүчингүй болгох биш ажилдаа эргэж орох уу, үгүй юу гэдэг нь тодорхой байх ёстой. Түүнээс шүүхээс энэ хүн ажилдаа орно, орохгүй гэж өөрсдөө тааж шийдвэр гаргаж болохгүй.

Нөгөө талаар төрийн онцгой үүрэгтэй албан тушаалд хэнийг ч томилуулахгүй гэж шүүхээс битүүмжлээд байгаа нь өнгөрсөн үйл явдлыг буцаасан, логикийн хувьд ямар ч үндэслэлгүй зүйл.

Тэр хүнийг ажлаас халснаар тухайн эрхзүйн харилцаа дуусгавар болж байгаа юм. Хэрвээ үндэслэлгүй халагдсан бол Хөдөлмөрийн тухай хуулиар буцаад ажилдаа томилогдоно, үндэслэлгүй бол тэр чигтээ халагдана.

-Т.Билэгтийн нэхэмжлэл бол ажилдаа эргэж орох тухай бус хууль бусаар халсан шийдвэрийг хүчингүй болгох биз дээ?

-Нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож өгөөч гэсэн байгаа. Шүүхээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосны дараа ажилдаа эргэж орох эсэх нь тухайн хүний өөрийнх нь сонголт. Тэгээд ч Т.Билэгт ажлын байраа хадгалахыг хүссэн үгүй нь одоо ч тодорхойгүй байгаа.

-Тэгэхээр шүүх бол Т.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилох тухай бус Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох эсэх дээр л ажиллана гэсэн үг үү?

-Тийм ээ. Иргэний хэргийн шүүх Засгийн газрын тогтоол үндэслэлтэй эсэхийг шалгаж, шийдвэр гаргана.

-Засгийн газрын тогтоол Т.Билэгтийг ээлжийн амралттай байх үед нь гарсан гэж яригдаад байгаа?

-Ийм мэдээлэл нь шүүхэд шийдвэрээ захиалаад байгаа мэт харагдаж байгаа. Бас олон нийтэд ийм мессежийг өгөөд байна. Энэ нь бас нөгөө л шүүх, шүүгчийн биеэ даасан байдалд нөлөөлөх гэсэн оролдлого. Нөгөө талаас хариуцагч талд шүүхийн шийдвэрийг ийм үндэслэлээр гаргуулах гээд захиалаад байгаа мэт хардлагыг төрүүлж байна.

-Та сая Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалд хэнийг ч томилуулахгүй гэж битүүмжлээд байгаа гэлээ. Уг нь Ц.Баатаржав даргаар нь томилогдчихоод байгаа биз дээ?

-Энэ бол тухайн хүнийг ажилд томилсноор дууссан харилцаа. Гэтэл шүүхээс ийм шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. Нөгөө талаар ЦЕГ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна.

Энэ хэрэг сунжраад хэдэн сар, жил болвол яах уу? Хэн ч томилогдохгүй байгаад байвал ажил алдагдуулсан хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн асуулт гарна. Шүүхээс  хариуцлагыг Т.Билэгт үүрнэ гэсэн сануулгыг өгсөн гээд байгаа.

Гэтэл тэр хүн зөвхөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, Т.Билэгт нэхэмжилсэн цалингаа авчихаад би ажилдаа орохгүй гэвэл ЦЕГ даргагүй байсан хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн ойлгомжгүй байдал үүсээд байна.

В.Бат