sonin.mn

УИХ-аар ирэх оны улсын төсвийг хэлэлцэхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын нөхөн олговрыг нийслэлийн төсөвт шилжүүлнэ хэмээсэн.

Тиймээс Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос эдгээр иргэнийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс нийтийн тээврээр үнэгүй зорчуулахгүй гэх мэдээлэл хийсэн билээ. Мэдээллийн дагуу талуудын байр суурийг сонирхлоо.

Нийтийн тээврээр иргэн бүр үнэтэй зорчино

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн:


-Он гараад “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчдыг том оврын автобусаар үнэгүй зорчуулахгүй” хэмээсэн. Чухам яагаад ингэх болов. Энэ талаар тодруулна уу?

-УИХ-аар ирэх оны улсын төсвийг танил- цуулахдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахмад нас тан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчид, цагдаагийн албан хаагчдын унааны зардлын нөхөн олговрыг нийслэлд шилжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Эндээс авсан мэдээллээр нийт 73 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг танаж, 52 тэрбум төгрөг нийслэлд өгнө гэсэн.

Тэгэхээр бид энэ жил унааны зардал болгон хэчнээн хэмжээний мөнгө цугласан гэдгийг яамдаас судалсан. 113 мянган оюутанд 36 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Сүүлийн гурван жил оюутны тоо 113 мянга хэвээрээ нэг ч хүүхдийн тоо нэмсэнгүй. Энэ оны төсөвт Нийслэлийн халамжийн газар манайд 132 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэх тоо өгсөн. Энэ тоогоор төсөвлөн УИХ-д хүргүүлсэн. Гэтэл Сангийн яам энэ тооноос хасаад 98 мянган хүнээр тооцоод 23 тэрбум төгрөг батлуулсан.

Иймээс бид дээрх асуудлыг Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Монголын ахмадын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Сангийн яаманд албан бичиг хүргүүлсэн.

Өнгөрсөн нэгдүгээр сард Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар ажлын хэсэг томилогдон хороо, дүүргийн нийгмийн халамжид хэчнээн хүн байгааг судалсны дүнд 2014 онд 117600 хүнээр тооцож нөхөн олговор өгөх хэрэгтэй гэж үзсэн. Мөн өмнө дутуу төсөвлөж өгсөн 6.4 тэрбум төгрөгийг ирэх онд хийх төслийн тодотголоор тохирсон. Ер нь ахмад настны механик өсөлт олон жилийн дунджаар 8-10 мянгын хооронд байдаг. Гэтэл энэ тоог нэмээгүй.

Энэ онд төсөвлөсөн тоогоороо 83705 ахмад настан, 33934 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэж тооцон, Ниймийн хамгааллын сайдын багцад 36.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингээд оюутны нөхөн олговортой нийлээд 73 орчим тэрбум төгрөг болж байгаа.

Гэтэл үүнээс 20 гаруй тэрбумыг нь хасаад нийслэлд шилжүүлэхээр болж байна. Тиймээс бид энэ мөнгөө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчдад бэлнээр нь тарааж өг. Харин бид бүх хүнээс автобусны мөнгө авдаг байя гэдэг асуудлыг тавьж байна.

-Улсаас жилд хэдий хэмжээний нөхөн олговор нийтийн тээврийнхэнд олгодог вэ?

-Янз бүр байдаг. 2013 онд Засгийн газраас оюутны 6.4 тэрбум төгрөгийг дутуу өгсөн. БШУЯ- наас 113 мянган оюутан тээвэрлэх мэдээлэл өгсөн. Харин ирэх онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны нөхөн олговрыг бүгдийг нийлүүлж байгаад хасч байна.

-Нийтийн тээврийн үйлчилгээ муу байна гэж гадуур ярьдаг. Хэрвээ бүгд 500 төгрөг төлөөд явдаг болбол нийтийн тээврийнхэн үйлчилгээгээ сайжруулах боломжтой юу?

-Ямар ч байсан автобусанд гардаг хэрүүл байхгүй болно. Яагаад гэвэл хуурамч үнэмлэх үзүүлснээс болоод хэрүүл их гардаг. Үйлчилгээний соёлын хувьд орлогоос хамааралгүй болговол мөнгө нэхэж хэрэлддэг зүйл үгүй болно.

Механик эвдрэл гэмтлийн хувьд нийтийн тээврийн 930 автобус шугамд явдаг. Үүний 420 орчим нь 1-5 жилийн насжилттай. Мөн Солонгос улсад зургаан жил явсан автобусыг Монголд авчирч зургаан жил явуулж байна.

Монголд том оврын автобусны засварын газрууд алга, дулаан орны автобусыг манай орны хүйтэн нөхцөлд явуулж байна. Иймээс нийтийн тээврийн салбарын санхүүг хурдан бэхжүүлэхгүй бол автобусны эвдрэл, механик гэмтэл гарсаар л байх болно.

Нөхөн олговор хүссэн хүсээгүй иргэдийн халаасанд орно

Нийслэлийн нийтийн тээврийн газрын орлогч О.Түшиг:


-Манайд энэ талын шийдвэр ирээгүй байна. Нөхөн олговроор зорчдог иргэдийн нөхөн олговрын хуваарилалтыг яаж зохицуулах вэ гэдгийг журмаар зохицуулдаг. Одоохондоо улсын болоод нийслэлийн төсөв батлаагүй байна.

Тиймээс нөхөн олговор хэдэн төгрөгөөр яаж тавихыг бид мэдэхгүй байна. Ямар ч байсан 73 орчим тэрбум төгрөгийн саналаа явуулсан. Он гараад ухаалаг тээврийн системд шилжих гэж байгаатай холбогдуулан цахим төлбөрийн системд орно.

Ингэснээр хүссэн хүсээгүй нөхөн олговор нь иргэдийн халаасанд орно гэсэн үг. Тэгэхээр иргэд автобусаар зорчих болгондоо төлбөрөө хийх системд орно.

Ахмадуудад автобусаар үнэгүй зорчих мөнгө дутуу төсөвлөгдсөн

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар:


-Ахмад настныг нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчуулах бөгөөд орон нутгийн харьяалал харгалзахгүй үйлчилнэ гэсэн хуультай. Тэгэхээр энэ хуулийн дагуу Улаанбаатарт оршин суудаг ахмад настнууд, бусад аймгаас нийслэл хотод түр ирсэн ахмад настнууд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчих ёстой.

2014 оны төсвийг батлахдаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж нийтийн тээвэрт олгодог мөнгийг зургаан тэрбумаар хассан. Харин ирэх оны төсөв батлахдаа дахиад 30 хувиар бууруулсан байна. Үүнээс гадна энэ төсвийг нийслэлд шилжүүлсэн.

Энэ нь зөвхөн нийслэлийн төсвийн үйл ажиллагаатай холбоотой зардал биш. Тэгэхээр үүнийг Монгол Улсын төсвөөс гаргахаас биш орон нутгийн төсөвт хамааралгүй. Хэрэв орон нутгийн төсөвт шилжүүлбэл зөвхөн нийслэлд оршин суугаа, автобусаар зорчдог ахмадуудад үйлчлээд зардлыг нь нийслэлийн төсвөөс даах болно. Иймээс бусад орон нутгаас ирж иргэний үнэмлэхээр үйлчлүүлдэг ахмадуудад үйлчлэхгүй болно гэсэн үг.

Өндөр настнуудын хувьд автобусаар үйлчлүүлдэг бас үйлчлүүлдэггүй хүн ч байдаг. Одоо бол автобусаар зорчдог ахмадууд өөрсдөө очиж үнэмлэхээ аваад явж байна. Гэтэл бүх ахмадад тэтгэвэр дээр нь унааны мөнгө нэмээд өгөхөөр нийтийн тээврээр зорчдог, зорчдоггүй баахан хүнд мөнгө өгөх болно. Ингэхээр төсөв нь одоогийн танаад, хямгадаад байгаа мөнгөнөөс хамаагүй их мөнгө өгөх хэрэг гарна.

Улсын хэмжээнд 218 мянган ахмад настан байдаг. Үүнээс 83705 өндөр настан нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Гэтэл нөхөн олговрыг тэтгэвэр дээр нь нэмээд өгөхөөр 218 мянган ахмад автобусны мөнгө авах болно. Бас хөдөө орон нутгийн ахмадууд нийслэлд ирээд автобусаар үйлчлүүлэхийн тулд улсаас мөнгө авах болно.

Гэтэл нийслэл хотод хэчнээн ахмад настан нийтийн тээврээр үйлчлүүлдэг, хөдөө орон нутгаас хэчнээн хүн орж ирж үйлчлүүлж байна гэдэг тоо нь тодорхой байдаг. Энэ тоогоор тооцвол 36 тэрбум төгрөг болж байгаа. Гэтэл үүнээс 20 гаруй тэрбум төгрөгийг хасч байна.

Ахмадууд Монголын ахмадын холбоонд удаа дараа хандаж байгаа. Мөн Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос манайд хандаж, ахмадууд үнэ төлбөргүй нийтийн тээврээр зорчих асуудал төсвийн үйл ажиллагааны доголдлоос болоод хүнд байдалд орж болзошгүй гэсэн шаардлагыг ирүүлээд байна. Тиймээс бид Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, УИХ-д албан бичиг тоотоор мэдэгдсэн.

Автобусаар зорчдоггүй хүний мөнгө ч автобус компаниудад ордог

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Л.Бат- Отгон:


 -Энэ талаарх мэдээлийг хэвлэлээс үзсэн. Манай холбоонд одоохондоо ийм шаардлага, албан бичиг ирээгүй байна. Бид холбооныхоо хурлаар энэ талаар хэлэлцэнэ. Ер нь автобус компанийнханд хөнгөлөлт очихгүй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настныг тээвэрлэхэд асуудал үүсч байна гэж байсан. Хөгжлийн бэршээлтэй иргэдийн хувьд автобусаар явдаг хүн ч байна.

Бас явах чадваргүй нь ч байна. Гэтэл автобусаар явдаггүй хүмүүсийн мөнгө автобус компаниудад ордог. Тэргэнцэртэй иргэд нийтийн тээврийн автобусанд сууж чаддаггүй учир өөрсдийн мөнгөөр таксиддаг. Тэртээ тэргүй “Ухаалаг автобус”-тай болно гэж яриад байгаа.

Тиймээс манай холбооны зүгээс энэ хөтөлбөр нь хэрэгжээд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болгонд автобусны тусгай үнэмлэх өөрөөр хэлбэл виза карттай түүнд сар болгон автобусны мөнгө улсаас хийдэг болох хэрэгтэй гэж үзэж байна. Тухайн иргэн тэр мөнгөөрөө таксинд сууна уу, автобусандаа сууна уу гэдэг өөрийнх нь сонголт. Дүүрэг, төрийн бус байгууллагуудад гомдол нэлээд ирдэг.

Ялангуяа Тэргэнцэртэй иргэдийн холбооноос лавлах юм бол “Манайхан хэзээ ч нийтийн тээврийн автобусанд суудаггүй” гэж хариулна. Тэргэнцэртэй иргэд гэлтгүй харааны болон тулах хөдлөх эрхтний бэрхшээлтэй иргэд том оврын автобусанд сууж чаддаггүй. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг автобусанд буулгаж, суулгах хэрэгсэл байдаггүй учраас зөвхөн зорчдог иргэдэд үйлчилдэг.

Яамнаас шийдвэр ирээгүй

Нийслэлийн нийгмийн халамж үйлчлгээний газрын Ахмад настан, нийтийн тээвэр хариуцсан мэргэжилтэн Д.Сугар:

-Яамнаас ямар нэгэн шийдвэр ирүүлээгүй байна. Тиймээс энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ямартай ч 2014 он гараад 9145 ахмад настан, 8025 хөгжлийн бэрхшээлтэй нийт 17179 хүнд нийтийн тээврийн автобусаар үнэгүй зорчих эрх бүхий үнэмлэх олгоод байна.

Оюутнуудын эрх ашгийг хөнддөг асуудлын эсрэг оюутны холбоо ажиллана

Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Н.Санчирбаатар:

-2014 оноос нийтийн тээврийн тасалбарын үнэ 500 төгрөг болж нэмэгдсэн. Үүнтэй холбоотой оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлтийн асуудлаар нэлээд бэрхшээл тулгарч байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын багцаас оюутны нөхөн олговрыг олгодог байсан.

Гэтэл энэ жилээс нийслэл рүү шилжүүлнэ гэж байна. Оюутны нөхөн олговор Сангийн яаманд 500 төгрөгийн тарифаар явсан. Гэтэл Засгийн газарт очоод ухаалаг нийтийн тээвэрт шилжвэл оюутны хөнгөлөлтийг 30 хувь хөнгөлөх боломжтой гэсэн хувийн компаниудын судалгаа гарсан байсан. Үүнд МОХ оролцоогүй, санал бодлоо солилцоогүйгээр санал оруулаад автобусны тариф дээр нэмсэн байна.

Нэгдүгээр сарын 1-нээс оюутнуудыг мөнгөөр нь зорчуулна гэсэн асуудал гараад байгаа. МОХ-ноос энэ асуудлыг шийдвэрлэх, мөн оюутнууд дунд нь хохирдог, эрх ашгийг нь хөнддөг ийм асуудлын эсрэг ажиллана. Холбооны зүгээс анхан шатны хэлэлцүүлэгт саналаа хүргүүлж байгаа. Цаашлаад тодорхой шаардлага хүргүүлэх болно. Ямар ч байсан төр, засаг аятай шийдвэрт хүрнэ гэж бодож байна.

Нийслэл хотод 140 гаруй мянган оюутан байдаг. Үүнээс 113 мянга нь нийтийн тээврээр зорчиж байна. Одоогийн байдлаар 88 мянган оюутанд автобусны виза карт олгочихоод түр зогсоод байна.

М.Энхцэцэг

Эх сурвалж: