sonin.mn

“Дайсны цэргvvдээ сонсоцгоо” киноны Япон генерал толгойгоо цаасаар арчин арагш нь шидлэн явахдаа хажуугаар нь зөрөн өнгөрөх цэргvvдээ хараад “Цэргvvдийн царай ч урвагар байна даа” хэмээдэг сонирхолтой кадр байдаг.

Ангалмал халуун говьд өөрөө машин уначихсан хэрнээ зогсоо зайгvй хөлс нь урсаж явахад хажууд нь суугаа хурандаа нь дагжин чичирч, хажуугаар нь зөрөн өнгөрч байгаа цэргvvд туйлдаж ядарснаар дvрсэлсэн нь тэдний төгсгөл ойртож байгааг найруулагчийн уран санаагаар баяжуулан харуулсан хэрэг юм. Тэгвэл байгуулагдаад долоо ч хоноогvй байгаа шийдлийн Засгийн газрын сайд нарын царай эхнээсээ урвайгаад эхэллээ.

Ямар ч аргаар хамаагvй аль нэг яамны сайдын суудлыг өөрсдийн болгож, намдаа тодорхой эрх мэдэл авч ирэх, бvр тодруулбал тухайн яаманд хуваарилагдах төсвөөс ямар нэг хэмжээгээр илvvчилж, ядарч туйлдсан намынхаа санхvvжилтэд нэмэрлэхээр нам дотроо тохиролцож, эцэс сvvлд нь эрх баригч хvчинтэй наймаалцаж байж 10, зургаа, гурав гэсэн суудлын эзэд болцгоосон.

Тэгвэл тун ч их vнээр өөрсдийн болгосон яамдынх нь төсөв улайж, гайхшаа барсан хэдэн албат гараа унжуулаад өөрсдийг нь угтана гэдгийг залуухан, халуухан сайд нар төдийлөн сайн тооцоолоогvйгээс зарим нь бараг л эхнээсээ сэтгэл гутралын байдалд орж эхэлжээ.

Лав л өөрийнхөө намын хашир гишvvнээс “Сангvй Сангийн яам хvлээж авч байгаа шvv. Сайн хянуур байгаарай” гэсэн болгоомжлол сонсож байсан шинэхэн Сангийн сайд арай ч байдгаа сэгсэрч, ягтаа тулчихсан сангийн авдар, өрийн бичиг гардан авна гэж зvvдлээ ч vгvй бололтой. Тун сулхан “Ер нь байдал хvндхэн байгаа. Маш олон санхvvжих зардлууд ар араасаа хvлээгдсэн, хөрөнгө оруулалтын гvйцэтгэл өнөөдрийн байдлаар 64 хувьтай байна.

Он дуусах хvртэл vлдсэн 10 гаруй хоногт 600 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрvvлэх шаардлага Сангийн яаманд тулгараад байна. Орлого төвлөрvvлдэг байгууллагууд маань 12 дугаар сард төвлөрvvлэх ёстой орлогоо бvрэн төвлөрvvлэхээ илэрхийлсэн. Харамсалтай нь өмнө нь орлогын төлөвлөгөө нэг их наяд төгрөгөөр тасарсан учраас энэ нэг их наяд төгрөгийн зарцуулалтыг бvрдvvлж гаргах асуудал нь хvндрэл vvсгэсэн.

Төсвийн тодотголыг бодит нөхцөлд тулгуурлан өргөн барихыг бодсон ч хугацааны хувьд төсвийн жил дуусах дөхсөн байхад санхvvжилтvvд дандаа өр хэлбэрээр эх vvсвэрээ бий болгоод гарчихсан байна. Өмнөх Засгийн газрын хэрэглэсэн зардлыг хасч тооцох ямар ч бололцоогvй, бодит байдалд нь нийцvvлж орлого, зарлагыг тус бvр нэг их наядаар бууруулах боломжгvй байна.

Тиймээс өмнөх Засгийн газрын тавьсан өрийг барагдуулах, бvтэцтэй холбогдуулан яамдад бvтэц, орон тооны хуваарилалтыг хийх чиглэлд 2014 оны төсвийн тодотголыг хийсэн” гэж vнэн байдлаа учирлав.

Тэртэй тэргvй хэцvvхэн байгаа сайдыг зовоогоод яах вэ гэсэн ч яах аргагvй асуулгvй болохгvй болоод “Тасарсан орлогыг бvрдvvлэх эх vvсвэр байна уу” гэвэл “Төлөвлөснөөс 400 гаруй тэрбум төгрөгийн санхvvжилт дутуу байгаа. Гэхдээ гvйцэтгэлээр нь санхvvжvvлнэ гэж Сангийн яам шийдсэн. Тендер нь зарлагдаагvй төсөл хөтөлбөрvvд ч бий. Он дуустал 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг санхvvжvvлэх зайлшгvй шаардлага бий.

Бидний хувьд ямар эх vvсвэрээр санхvvжvvлэх талаар ярьж байна. Нэгэнт төрийн сангийн данс хэдэн зуун тэрбумаар хасах руу орж, дутуу биелсэн орлогынхоо төлөвлөгөөний гvйцэтгэлийг хангаад явчихсан байгаа. Тиймээс урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардалд нийтдээ 600 тэрбумыг гаргана. Нийт олох бололцоотой орлого нь 300 орчим тэрбум гэж тооцоолж байгаа. Vлдсэн орлогыг ямар эх vvсвэрээс яаж бvрдvvлэхийг Засгийн газраас шийдвэр гаргаж шийднэ” гэлээ.

Монгол Улсын сангийн авдрын тvлхvvрийг атгаж яваа сайд маань иймэрхvv л базаахгvй хариулттай, баахан урвагар царайтай явж байна. Тэгвэл “Салбарынхаа талаар тун бага ойлголттой” хэмээн захын хvнээс зарга сонссоор яваа Эрvvл мэндийн сайдын царай ч борооны өмнөх тэнгэр шиг болчихоод л харайлгаад яваа.

Ямар сайндаа танхимынхаа тэргvvнээс аль 1960-аад онд ашиглалтад орсон барилгыг хоёр сайр хvрэхгvй хугацаанд бvх шаардлага хангасан хvvхдийн эмнэлэг болгон өөрчлөх тун хvнд vvрэг авсан сайдыг олон хvн “Хөөрхий энэ хvн удахгvй барилгын засварын бригадын дарга болно” гэцгээн егөөдөж байх вэ дээ.

Эрvvл мэндийн шинэхэн сайд хуучин Соёл, спорт, аялал жуулчлалын яамны барилгыг 150 ортой хvvхдийн эмнэлэг болгохын тулд засвар, тохижуулалтын томоохон ажил хийх нь маргаангvй. Гэхдээ арай л зарим нэгний явуулж байгаа шиг барилгын засварын бригадын дарга болох нь юу л бол. Гэхдээ л байнга эргэж тойрч, шахаж шалгахгvй бол горьгvй.

Тэртэй тэргvй элгээрээ хэвтчихээд ёолсоор байгаа эрvvл мэндийн салбар ханиад томууны дэгдэлт ихэсдэг өвлийн ид ачааллынхаа энэ vед сайдынхаа царайг гэрэлтvvлэн гялтайх зvйл юу ч байхгvй гэдэгэй тэнэг л биш бол хэн ч гэсэн эвлэрнэ. Ядаж байхад өвлийн улиралд орон гэргvй, ядарсан хvмvvс хөл гараа хөлдөөн хэдэн арваараа бөөгнөрдөг Тvлэнхийн эмнэлэг өөрийн гэсэн орон байргvй болж Гэмтэл согогийн эмнэлгийн нэгдvгээр давхарт толгой хоргодож байгаа.

Гэтэл Гэмтэл согогийн эмнэлэг нь өөрөө ачааллаа дийлэхээ больж хөл гараа хугалсан хvмvvсийг “Гипс тавиад өгье. Ор байхгvй тул өрхийн эмнэлэгтээ ханд” хэмээн хөөж туугаад байгаа дуулдсан.

Ер нь байдал тун базаахгvй байгаа тул өөрийнхөө хvслээр биш, намынхаа даалгавраар Эрvvл мэндийн яаманд очсон залуухан сайдын царай хvн бvхний нvдэн дээр хачин жигтэй хөгширч байгаа.

За тэгээд бусад яамдын сайд нар ч дээрх хоёроос дээрдээд байх зvйл байхгvй. Цvнхгvй, харьяалагдах албатгvй, Монгол Улсын сайд л гэхэд тун удахгvй Оюутолгойн асуудал ойж буун босч ирж, нvдээ улайтал хуралдах нигууртай.

Тэгж байтал Тавантолгой гэж 50 хагархай, 100 салбархай газар бас бий. Чалкод төлөх өр нь дуусах яагаа ч vгvй байхад шинэ менежментийн багийг сонгон шалгаруулах ажил тун удахгvй оволзох болоод байдаг.

Ийнхvv яриад байвал шинэхэн сайд нарын царайг барайлгах тvмэн зовлон ар араасаа хөврөн гарч ирээд дуусахгvй нь. Сайд нарын царай ч урвагар байна даа, яадаг шvv юм билээ.

Эх сурвалж: