sonin.mn

БЭЭЖИН. /KoreaTimes/. Хятадын Хөнань мужийн есөн настай хүү улсынхаа дарга Си Зиньпинд жингээ хаяхыг зөвлөсөн захидал илгээжээ.

Дөрөвдүгээр сангийн сурагч Ню Зиру улсынхаа даргад илгээсэн захидалдаа “Си дарга та жаахан жин хасах хэрэгтэй. Гэхдээ та АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама шиг туранхай болох хэрэггүй. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шиг л байхад яг болно” гэсэн байна.

Нэг алдартныг сонгож захидал бичих даалгаврын дагуу Зиру хүү Си Зиньпинийг сонгон захидал бичсэн нь энэ аж.

Зиру захидлаа илгээгээгүй ч аав нь “WeChat” мессэжний аппликейшнд үүнийг нь тавьжээ.

Сансрын судалгаа шинжилгээний салбарт БНХАУ бусад улсын ард байгаад Зиру хүү мөн санаа зовж байгаагаа бичсэн байна.

Тэрбээр, “АНУ болон ОХУ,  Европын Холбоо, Энэтхэг гээд л бүгд Ангараг дээр газардахаар төлөвлөж байна. Хурдалцгаая!’’ гэжээ.

БНХАУ-ын дарга Си түүний саналын алинд нь ч хараахан хариу өгөөгүй байна.

Г.Доржханд

Эх сурвалж:
montsame.mn