sonin.mn
Сүүлийн өдрүүдэд интернет орчинд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхнийг дэмжих хүмүүсийн хандивын саванд үүрч яваа хуванцар сав, ундааны лаазнаас олсон хоёр гурван зуун төгрөгөө хийж зогсоо тэнэмэл амьдралтай хоёр залуугийн зураг жинхэнэ дуулиан тарив. Харваас орон гэргүй, хээрээр гэр хийж хэцээр дэр хийж яваа нь андашгүй тэр хоёр залуу амьдралдаа барааг нь хараагүй Ноён уул нь хаана байдгийг ч мэдэхгүй, ядаж л Сэлэнгэ аймагт хөл тавьж үзээгүй байж болох хэдий ч “Тэр уулыг ухаж төнхүүлээд бидэнд ашиг тус өгөхгүй” гэсэн амьдралын хар ухаан байгаагаас өдөржин шил, лааз цуглуулан үүрч байж олсон гурван зуун төгрөгөө харамлалгүй хандивын хайрцаг руу хийж байгаа нь тэр ажээ. 
 
Харин сайтар ажиглавал гоё ганган хувцастай хүмүүс тэр хоёр руу хяламхийн зөрж байгаа нь үзэгдэнэ. Бодвол сэжиглэн тойрч байгаа нь тэр биз. Сая өнгөрсөн шинийн гурванд байрны өмнөх хогийн савыг ухаж золбин ноходтой булаацалдан үхрийн булууны яс олж аваад зулгааж байгаа залуу, хүүхэн хоёрыг хараад хоолой дээр гашуун оргиж, өөрөө ч мэдэлгүй таг гөлөрчихсөн зогсож байсан. 
 
Гэрлүүгээ бушуухан орж жигнээд хөрчихсөн баахан бууз уутанд хийгээд нөгөө хоёр дээрээ иртэл дөрөв тавуулаа болчихсон баахан хог овоолж, буузны гурил, хугархай хэвийн боов зэрэг ам руугаа хийчихэж болно гэж бодсон болгоноо цуглуулаад байдгаараа баясчихсан байцгааж байх юм. Зарим нэг нь саяхан жигнэсэн халуун буузны амтыг голоод амсахгүй ярвайгаад сууж баихад зарим нь золбин ноходтой булаацалдан хог түүж идэж байгаа Монголын Цагаан сараа гэж. Хүмүүний амьдрал ямар ч их эрээнтэй, бараантай болчихов доо.
 
Цатгалан хүн өлсгөлөн хүний зовлонг мэддэггүй шиг дулаан гэртээ тарвалзаж байдаг бид хаврын хавсарга эхэлсэн энэ л өдрүүдэд шил, лааз цуглуулж яваа орон гэргүй хүмүүс яаж даарч бээрч өдөр хоногийг аргацааж байгааг ойлгохгүй. Хир даг болсон хувцастай, ядруухан царайтай тэдний нүд хачин уйтгартайгаар сүүмийж, үүрч яваа шил лаазандаа түүртэн гэлдрэхийг нь хараад заримдаа аньсага чийгтээд ирдэг юм. 
 
Өглөө хар үүрээр тагтан дээрээсээ ажиглахад байрны өмнөх хогийн сав онгичиж зогсоо том жижиг хэдэн хүн даарсандаа хий дэмий л дороо дэвхцэж харагдсан. Би ч болж өгвөл боов, талх гээд гарт тааралдсан болгоноо эхнэр, хүүхдээсээ нуух нь холгүй уут, саванд хийгээд ажилдаа гарахдаа аваачаад өгчих санаатай байдаг хүн. Харин хэдэн удаа эхнэр маань түүнийг мэдчихээд “Битгий тэнэмэл хүмүүст идэх юм өгөөд бай. Бид яагаад ч тэднийг байнга тэжээгээд байж чадахгүй. Тэгээд ч зарим хүмүүсийн хувь заяа цаанаасаа тэгж оногддог юм гэнэ билээ” хэмээн зэмлэсэн удаатай.
 
Саяхны нэг өдөр дөнгөж долоо өнгөрч байхад өл хоосон тэд ганц шил архи тойруулан уухыг нь хараад дотор муухай оргиж бушуухан хөшгөө татсан. Орой ажлаасаа ирэхэд эдгээр хүмүүс хэзээний л хогийн сав тойрон сууцгааж цайны газрын шавхруу бололтой гялгар уутанд боосон янз бүрийн юм идэж суух нь дасал болжээ.
 
Нэг удаа хэрэг болгон арван хэдтэй эрэгтэй хүүхэд дагуулж явдаг доголон эртэй ярилцсан юм. Хуучнаар ЗХУ-ын Свердловск буюу одоогийн ОХУ-ын Екатринбург хотын Уралын Политехникийн дээд сургууль төгссөн дулааны инженер мэргэжилтэй нэгэн. Дарханы гордокт ажиллаж амьдарч, айл шиг л айл явсан сайхан түүх энэ хүнд бий. Эхнэр нь хүнд өвчнөөр өнгөрснөөр энэ хүний өнөөдрийн хар дарсан зүүд шиг амьдрал эхэлжээ.
 
Хашаа байшин, хэдэн гахайгаа зарчихаад хотод ирж Дарь-Эхэд хоёр хүнтэй хамтран жижигхэн блокны үйлдвэр ажиллуулж байж. Зарим үед блок нь зарагдахгүй байсаар эцэстээ өрөнд орж сэтгэлээр унаад архи ууж эхэлсэн гэнэ. Энэ хооронд бага хүү нь бас л өвчнөөр хорвоог орхижээ. Амьдралын хатууд сөгдөж, эр дунд насандаа үлдсэн ганц хүүгээ дагуулан орц, хонгилоор хоног төөрүүлж яваа түүний яриа тун ч гашуун байсан.
 
Түүний өрөвдмөөр хувь заяаг надаас дуулсан эхнэр маань хааяа идэх юм өгдөг байсан нь сүүлдээ баахан төвөг удаад байгаа. Эхэндээ хүүгээ дагуулж ирдэг байснаа сүүлдээ гурав дөрвүүлээ оройд хаалга тогшиж заавал нэг юм авч салдаг болсон нь намайг залхааж эхэлсэн. Хамгийн хэцүү нь байнга тэр хавиар эргэлдэх энэ хэдэн хүний дунд гурав дөрвөн залуухан хүүхэн голдуу л согтуу гуйвж явна. Тэдний нэг нь жирэмсэн.
 
Жирэмсэн хүүхний нүүр нүд нь тааралдах болгонд л хөх няц болчихсон явна. Тэр эмэгтэйг яагаад зодоод байдаг юм бол. Хэзээ ямагг согтоочихоод дагуулаад, чирээд явдаг нь гайхмаар. Тэдний ярианаас Офицерүүдийн ордны өмнө байх Солонгосчуудын эзэмшлийн "Сүнжин Гранд" зочид буудлын ойролцоох траншейнд байрладаг байсныг нь ойлгосон. Харин саяхан тааралдахад “Сүнжин грандын танк дэлбэлүүлчихсэн. Орох аргагүй таглаад буудлын хамгаалагч нар тийшээ зүглүүлэхгүй хөөж туугаад байгаа. Одоо орох нүхгүй болсон. Ямар сайндаа барьж байгаа байшинд шөнөжин хог шатааж арай л хөлдөж үхчихээгүй өглөөтэй золголоо. Өнөөдөр хаана хоног төөрүүлэхээ мэдэхгүй явна” гэсээр хямдхан архиа тойруулж зогссон.
 
Та нар олсон мөнгөөрөө ганц таваг шөл ч болсон уучихаж байгаач гэвэл “Өө бидний ходоод чинь чонын ходоод л гэсэн үг. Дандаа хүйтэн нойтон юм идсээр байгаад бүр агшчихсан. Яг үнэндээ энэ муу архины хүчинд л чадхийчихэлгүй хоног төөрүүлж явна. Бидний хэн нь нөгөөдөр гэхэд байхгүй болохыг хэлж мэдэхгүй шүү дээ” гэсэн юм.
 
Хөлдөж үхэхгүйн тулд 1500 төгрөгийн үнэтэй хятад спиртээр найруулсан хямдхан архиар ходоодоо халааж, өдөр хоногийг төөрүүлж яваа тэднээс хэд нь урин дулаантай золгох бол доо хөөрхийс.
 
Өлсгөлөн хүний зовлонг цатгалан нэгэн ойлгохгүй, өнгөрсөн өвлийн хүйтэнд осгож, хөлдөж үхчихэлгүйхэн хавартай золгосон тэднийг харж хандаж халуун сэтгэлээр гараа сунгах цаг хэзээ вэ, хүмүүс ээ. Уг нь Монгочууд бид чинь “Цаг цагаар нэг цаддаг, Цагаан сараар бас нэг цаддаг” гэсэн үгтэй юмсан. Харин одооны Цагаан сараар зарим нэг маань золбин ноходтой булууны яс булаалдаж гэдэс гардаг болж. Хорвоо гэж хатуудаа хатуу юм даа.  
 
Д.Түвшин
Эх сурвалж: