sonin.mn
Өнгөрсөн хугацаанд Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийг татан буулгах тухай асуудал хүчтэй яригдсаар өнөөдрийг хүрээд байгаа. Гэтэл тус зөвлөлийнхөн өөрсдийгөө татан буулгуулахгүй хэмээн албаны хүмүүстэй маргалдаж, цахим ертөнцөөр хүртэл “Чи би дээ” тулаад авсныг олон нийт бүгд мэдэж байгаа.
 
Ер нь тус зөвлөл ямар ажил хийж гийгүүлдэг юм бол гээд судлаад үзэхээр энэ гээд заагаад өгчих ажил үнэндээ байдаггүй юм билээ. Тиймээс тус газрыг татан буулгах ёстой гэсэн иргэдийн санал гомдол өдгөө ШӨХТГ-т үй олноороо ирсээр байгаа нь гарцаагүй нотлох баримт болж байна.  Гэтэл тус зөвлөлийн гүйцэтгэх захирал С.Цэрэндорж хэвлэлийнхнийг зохион байгуулалттайгаар гүтгэлэгийн шинж чанартай мэдээ, мэдээлэл олон нийтэд тараасан хэмээн нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандахаа хүртэл мэдэгдээд байгаа. Уг нь бид болж буй үйл явдлуудыг албаны эх сурвалжтайгаар, тодорхой баримтан дээр тулгуурлан олны хүртээл болгосон билээ. 
 
Тухайлбал, 2013 оны нэгдүгээр сарын 28-нд ШӨХТГ болон гомдол гаргагчид тус дээд зөвлөлийг татан буулгаж, 568. 5 сая төгрөгийг эргэн төлүүлэх асуудлыг Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргаж, Иргэний хэргийн шүүх хэлэлцсэн ч эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ эвлэрлийн гэрээгээр хууль тогтоомжид зааснаас өөрөөр ямар нэгэн төлбөр, татаасыг СӨХ-үүдээс авахгүй байх гэрээ байгуулсан ч тэд энэхүү гэрээгээ зөрчсөн учраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн шүүхэд тус газрыг татан буулгах асуудлаар дахин ханджээ.  Уг нь дээд зөвлөлийг гэрээгээ зөрчих юм бол автоматаар нэхэмжлэгчийн шаардлагыг хангана гэсэн заалт орсон учраас ШӨХТГ ийнхүү татан буулгах нь хууль ёсны дагуу хэмээн НШГ албаар эд хөрөнгийг нь битүүмжлүүлж, бусдад учруулсан гэх 568.5 сая төгрөгийг албадан гаргуулахаар тус газарт өнгөрсөн сарын 18-нд албан тоот илгээж байсан баримт ч байна. 
 
Дээрх байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас хойш хууль бусаар иргэдээс татвар авсан гэдгийг ШӨХТГ-ын дарга асан О.Магнай олон нийтэд мэдээлж байсныг уншигчид санаж байгаа. Тэрбээр “СӨХ хэдхэн хүнийг тэжээдэг саалийн үнээ байж болохгүй. Энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хэн ч хөндөхгүй яваад байсныг би ойлгохгүй байна. Монгол Улсад хуулийн хүрээнд бүх асуудал шийдэгдэх ёстой. Төрийн бус байгууллага ч иргэдээс татвар авах ёсгүй. СӨХ-ны дээд зөвлөлийн хариуцаж буй СӨХ-дын үйл ажиллагаа дампуурчихсан байна. 15 жилийн дотор ийм л бантан хутгаад хаячихаж. Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. 
 
Манай байгууллагын зүгээс ирэх оны нэгдүгээр улиралд багтаагаад СӨХ-той хамааралтай гомдол, санал шүүмжлэлийг шийднэ гэсэн зорилготой байна” гэж хэлсэн үг нь өдгөө хэвлэлийн аль ч хуудсанд баримт болон үлдэж. Түүнчлэн тус дээд зөвлөлд сар бүр төвлөрсөн орлогынхоо хоёр хувийг өгдөг талаар албаныхан онцолж байсан удаатай.  Харин энэ асуудлаар ШӨХТГ-ын шинэхэн дарга Т.Аюурсайхан ажлаа авсан даруйдаа тус газартай холбоотой гомдол өргөдлийг хамгийн түрүүнд шийдэхээр ханцуй шамлан орж, нэлээн дорвитой ажил хийж эхлэсэн ч бас л дарамт шахалт түүнийг тойрсонгүй.
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Арвин ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан руу залгаж “Чи яагаад байгаа юм. Чиний ард хэн байгааг мэдэж байна. Чамайг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ. Цаашид юу болохыг хараарай. Чи байх уу, би байх уу гэдгээ үзнэ ээ” гэхчлэн дарамталсан талаар тэрбээр өөрийн твиттер хуудасаараа дамжуулан олон нийтэд дэлгэсэн. 
 
Уг нь сууц өмчлөгчдийн холбооны энэхүү хууль бус үйлдлийг О.Магнай тухайн үед эвлэрэлийн гэрээ байгуулахгүйгээр асуудлыг шийдээд явах бүрэн боломж нь байсан. Гэтэл тэрбээр эвлэрлийн гэрээ гээчийг байгуулснаас болж өнөөдөр тэдэнд дахин хууль бус татвар авах боломжийг бүрдүүлчихлээ гэж олон нийт үзэж байна. Энэ нь ч үнэний ортой. Уг нь ямар ч ТББ үнэ, ханш тогтоох ёсгүй гэсэн хуулийн заалт бий. Ямартай ч олны анхаарлын төвд ороод байгаа энэхүү дээд зөвлөл нь цаашдаа ч багагүй хэл ам таталж, олон хүнийг гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл тараасан мэтээр зарласаар байх бололтой.
 
Эх сурвалж: