sonin.mn


2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт 274 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн осол хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан хэдий ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, согтуугаар замын хөдөлгөөнд оролцож яваад осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгдсэн байна. Тухайлбал, ХУД-ийн нутаг 52 дугаар сургуулийн зүүн замд Тоёота аллион маркын автомашины жолооч Э нь явган зорчигч 25 настай эмэгтэй Н-ийг мөргөж гэмтээсэн. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /согтуурлын зэрэг 1,13%/, явган зорчигч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртсөн /согтуурлын зэрэг 2.62%-тай/ аж.

Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар Замын хөдөлгөөний хууль, дүрэм биелүүлэхгүй хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол, хэрэг гаргах явдал буурахгүй байна. Зөвхөн 03 дугаар сарын 19-ний өдөр гэхэд Баянзүрх дүүргийн нутаг Кино үйлдвэрийн автобусны буудалд “Эрдэм транс” ХХК-ний Hyundai Aero citi-540 маркын автобусны жолооч М нь зорчигч, 52 настай, эмэгтэй Ч-г унагаж гэмтээсэн, ЧД-ийн нутаг Чингэлтэйн шинэ эцэст “Тэнүүн дэлгэр” ХХК-ний Daewoo Bus-106 автобусны жолооч Г нь зорчигч, 82 настай, эмэгтэй Б-г унагаж гэмтээсэн зам тээврийн осол гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1, “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино”, 21.2 “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс үүдэн гарчээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас тухай бүр холбогдох газруудад жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар албан мэдэгдэл, шаардлага хүргүүлдэг боловч энэ төрлийн зөрчил дутагдал гарсаар байгаа юм. Иймд Нийслэлийн тээврийн газар, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд ажлын хариуцлагаа өндөржүүлж, нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нараас зөрчил дутагдал гаргахгүй байхад анхаарах шаардлагатай байна.

Э.Мягмардорж