sonin.mn
 
УИХ-ын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яамтай хамтран өнөөдөр Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна. 
Чуулганд нийт 700 гаруй төлөөлөл оролцож, тус салбарт төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт, тэднийг дэмжих санхүүгийн арга хэлбэрүүд, хөнгөлөлттэй зээлийн олголт, түүний үр дүн зэрэг сэдвийг тойрч санал бодлоо солилцож байна. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрөөс  хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг зах зээлийн эрэлт, дотоодын түүхий эдийн нөөцөд тулгуурлан хөгжүүлж, экспортын чиг баримжаатай импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг олноор байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна үндэсний нэрийн бүтээгдэхүүн бий болгох зорилго тавьж буй. Мөн үйлдвэр эрхлэгчдэд татвар санхүүгийн тааламжтай нөхцлийг бүрдүүлэхийн тулд хууль эрх зүйн  орчинг боловсронгуй болгох, санхүү хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байгааг Аж үйлдвэрийн яамны удирдлагууд хэллээ.
 
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 59.843 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 84.5 хувь нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамаарч байгаа юм. Мөн 2014 онд 928 иргэн, аж ахуйн нэгж 143.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан бол 721 төсөлд 18.4 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт гаргажээ.  Дээрх тоо баримтаас харахад, үндэсний үйлдвэрлэл өргөжиж, иргэдийн дунд худалдан авалт нэмэгдэн, хэрэглээ өсч байгааг харуулж байгаа юм. Харин үйлдвэрлэгчдийн хувьд төрөөс учирч буй дарамтыг арилгах,  бүтээгдэхүүнийнхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үүднээс өндөр технологи нэвтрүүлэх шаардлагатай байгааг энэ үеэр онцолж байв. Аж үйлдвэрийн яам хүнд, хөнгөн жижиг дунд үйлдвэр, худалдааны асуудлыг нэгтгэн нэгдсэн бодлогоор хангаж ажиллаж байгаагийн хувьд энэ удаагийн чуулган цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна. Уг чуулган бүтэн өдрийн турш үргэлжилж, зөвлөмж гаргаснаар өндөрлөнө.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг