sonin.mn
 
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, "Засгийн газар тус байнгын хорооноос өнгөрөгч 2 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахгүй байна" гэж мэдэгдлээ.
Өргөдлийн байнгын хорооноос хүргүүлсэн уг тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх, хөрөнгийн болон хувьцааны бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн цэгцэлж, нийт хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн хувьцааг баталгаажуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгайлсан бүлэг болгон тусгаж оруулахыг чиглэл болгосон байна. Гэтэл Засгийн газраас тус компанийн хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр төлөгдөөгүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлэх гэсэн ердөө ганц заалтыг хэрэгжүүлсэн гэж байнгын хороон дарга О.Баасанхүү хэллээ. Иймд үлдсэн заалтыг гэрээний төсөлд тусгуулах, хэрэв тусгуулаагүй бол Ерөнхий сайдыг огцруулна гэв.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг