sonin.mn
 
 
УИХ дахь АН- ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас дараахь тодруулгыг авлаа.
 
-Танай намын бүлэг Тавантолгойн гэрээний төслийг ямар байдлаар хэлэлцсэн юм бэ. МАН-ын бүлэг төсөл нь гишүүдэд тараагдаагүй учраас хэлэлцээгүй гэж байсан?
 
-УИХ дахь АН-ын бүлэг Тавантолгойн асуудлыг хоёр өдөр дараалан хэлэлцэж, бүх төлөөллүүдээс мэдээлэл сонссон. Хоёр дахь өдрөө үргэлжлүүлэн хэлэлцэхийн өмнө АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдсан байсан. Тиймээс Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг бүлгийнхээ хурлаар ярилцсан. Улмаар УИХ-ын даргынзахирамжаар ажлын хэсэг байгуулъя. Бүх нам, эвслийн төлөөлөл багтсан ажлын хэсэг Тавантолгойн гэрээг судалж ажиллах шаардлагатай байна гэсэн шийдвэрт хүрсэн.
 
-“Эрдэнэс-Тавантолгой” компанийг 51 хувийн оролцоотой байлгах Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу?
 
-Гүйцэтгэх зөвлөл нь манай намын шийдвэр гаргах төвшиний бүтэц учраас шийдвэрт нь хүндэтгэлтэй хандаж байгаа.
 
-Гэрээний төслийг УИХ-д өргөн барихаас өмнө энэ асуудлыг хурдан хугацаанд шийдэх шаардлагатай гэж ярьж байсан. Одоо УИХ ямар хугацаанд шийдэх боломжтой гэж үзэж байгаа вэ?
 
-Одоо ажлын хэсэг яаж ажиллахаас л бүх зүйл шалтгаална.
 
-Ажлын хэсэг гэрээний төсөл нь УИХ-аар хэлэлцэх шаардлагыг хангасан эсэхээр дүгнэлт гаргах юм шиг ойлголт яваад байгаа. Энэ хэр зөв ойлголт вэ?
 
Ажлын хэсэг хэлэлцэх эсэхийг шийднэ гэж байхгүй шүү дээ. УИХ-ын даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг нарийвчлан шалгах шаардлагатай зүйлийг нь шалгасны дараа Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх ёстой.
 
-Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (өчигдөр) хуралдаж энэ асуудлын хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч хойшилсон. Танай намын бүлгийн шийдвэртэй холбоотойгоор хойшилсон гэсэн үг үү?
 
-Эдийн засгийн байнгын хороо яагаад хуралдаагүйг Байнгын хорооны даргаас асуусан нь дээр байх.
 
-УИХ-д өргөн баригдсан аливаа хууль, тогтоолын төслийг эхлээд хэлэлцэх эсэхийг нь шийдчихээд дараа нь ажлын хэсэг байгуулж ажилладаг биз дээ. Энэ удаад яагаад хэлэлцэх эсэхийг нь шийдэхээсээ өмнө ажлын хэсэг байгуулж байгаа юм бол?
 
-Яагаад тэгж шийдсэнийг УИХ- ын даргаас өөрөөс нь асуу.
 
Эх сурвалж: "Үндэсний Шуудан"