sonin.mn
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр БНСУ-ын Малын гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээний институт /KAPE/-ын ерөнхийлөгч Юун Хогоор  ахлуулсан албаны хүмүүстэй малын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоог Монголд хэрэгжүүлэх асуудлаар уулзаж, ярилцлаа.
 
Уулзалтын үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа, “Монгол Улс олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангасан, хорио цээрийн дэглэм тогтоосон хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд малын гаралтай бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн мөшгих тогтолцоог нэвтрүүлвэл мах, махан бүтээгдэхүүнээ Хятад, Орос болон гуравдагч улсад экспортлоход илүү дөхөм болно.
 
Сүүлийн жилүүдэд Монгол, Солонгосын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа нэмэгдэж байна. Манай оронд БНСУ-ын ХААЯ-ны дэмжлэгтэйгээр КОЙКА олон улсын байгууллагын тусламжаар хэрэгжүүлэх гэж ажиллаж байгаад талархаж байна. Цаашид БНСУ-д мэргэжилтнүүдийнхээ чадавхийг дээшлүүлж сургалтад хамруулах хүсэлтэй” гэв. 
 
БНСУ-ын малын гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээний институт /КАРЕ/-ын ерөнхийлөгч Юун Хотой цаашид хамтран ажиллах болсондоо баяртай буйгаа энэ үеэр илэрхийллээ.
 
БНСУ-ын малын гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээний институт нь малын эрүүл мэнд, бүртгэлжүүлэлт, малын гаралтай бүтээгдэхүүний чанарын хяналт, лабораторийн оношлогоо, бүтээгдэхүүний гарал үүслийг генетикийн түвшинд судлах, баталгаажуулах, бүтээгдэхүүнийг түгээх, нийлүүлэх зэрэг малын ул мөрийг мөрдөн мөшгих тогтолоцоог БНСУ-д амжилттай хэрэгжүүлсэн байгууллага юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг