sonin.mn
 Эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 256 тэрбум төгрөг олгох болсныг “Уул уурхайн ил тод байдал” хэвлэлийн бага хурлын үеэр  салбарын сайд Р.Жигжид онцоллоо.
 
 Засгийн газраас баталсан “Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцооны тухай” тогтоолын хүрээнд дээрх ажлыг хэрэгжүүлж буй аж.  Тодруулбал алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн үндсэн төлбөрийн 50 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах юм байна.
 
Одоогийн байдлаар нэр бүхий 46 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлт ирүүлсэн бөгөөд дээрх тогтоолын хэрэгжилтийг  хангахаар Уул уурхайн яам, Монгол банк, Сангийн яамнаас ажлын хэсэг гарчээ.
 
Өргөдлийн дугаар олголтыг 7 хоногоор сунгажээ
 
“Монгол Улсын нутаг дэвсгэрийн зүүн хагасын 11.94 сая га талбай болон баруун хагаст үлдсэн 1.95 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах ажил энэ сарын 24-нд эхэлсэн. Гэвч өргөдлийн дугаар олголтын үйл ажиллагаанд техникийн саатал гарч, тухайн өдрийн дугаар олголтыг хүчингүй болгож,  аж ахуйн нэгжүүдийн системд хандах эрхийг долоо хоногоор сунгасан. Өргөдөл олгох үеэр системд гарсан алдааг Log-in сервер хэт их ачаалласнаар гэмтэл гарсан хэмээн Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа хэллээ. Энэ сарын 30-наас цахим дугаар олголт хэвийн үргэлжлэх  юм байна.
 
Дашрамд дурдахад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Ашигт малтмалын газраас  нийт 2235 дугаар олгож, 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэжээ. Бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 1076, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 50, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж буй аж.
 
Он гарсаар 783.7 мянган тонн зэсийн баяжмал экпортолжээ
 
2015 оны эхний долдугаар сарын байдлаар нүүрс 13 сая тонн, алт 5.2 тонн, газрын тос 665 мянган тонныг тус тус олборложээ. Түүнчлэн хайлуур жоншны баяжмал 128.7 мянган тонн, зэсийн баяжмал 681.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2.9 сая тонн, цайрын баяжмал 53.8 мянган тонныг  үйлдвэрлэжээ. Харин экспортын тухайд он гарсаар 783.7 мянган тонн зэсийн баяжмал, 2.7 сая тонн төмрийн хүдэр, алт 4.6 тн, нүүрс 8.2 сая тонн, газрын тос 614.5 мянган тонныг тус тус экспортлоод байгаа аж.
 
Ашигт малтмалын газар  24.4 тэрбум төгрөг төвлөрүүлэв
 
Ашигт малтмалын газар энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 24.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 19.2 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.1 тэрбум төгрөг, бусад орлого 4.1 тэрбум төгрөг юм байна. Харин Газрын тосны газар нийт 102.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэнээс газрын тосны орлого 101.3 тэрбум төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг буй аж.  Тэгвэл газрын тос импортлогчид  2015 онд 248 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
 
2014 оны наймдугаар сараас эхлэн газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтворгүй байгаа билээ. Тодруулбал нэгдүгээр сард  газрын тосны үнэ эрчтэй саарч нэг баррель нь 50 ам.долларт хүрсэн  бол  эргээд 67 ам.доллар хүртэл өссөн. Харин энэ сарын төлвөөр ирэх сард нефтийн бүтээгдэхүүн төрөл бүр дээр тонн тутамд 60 орчим ам.доллар болтол буурах төлөв гарчээ.
 
  Газрын тосны бүтээгдэхүүний 47 хоногийн нөөцтэй
 
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 48, дизелийн түлш 45, ТС-1 44 хоногийн нөөц бий гэнэ.
 
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг