sonin.mn
Хүсэл мөрөөдлийнхөө оргилд тэмүүлэхээс илүү сайхан юм хүнд үгүй гэж тэр надад ярьж суулаа. Аливаад сэтгэл дүүрэн, санаа бодол бадрангуй, хэнтэй ч чөлөөтэй ярьж хөөрч өөрийгөө илэрхийлж чаддаг түүний ахуй төрх надад таалагдав. Түүнийг Сундуйн Жавзан гэх агаад манай Дарви сумын уугуул, бид нэгэн их хайрхан уулынхан болой.
 
Гадаа салхи аядуу сэвэлзэж, салхивч үл мэдэг савчина. Цонхны цаана улиасны навчис шаргина. Жавзан надад “Манай нутгийн салхи сайхан шүү” гэж хэллээ. Хавартаа айл ачаалах шахдаг нутгийн салхи дэндүү танил, хаа ч явсан санаанд байдаг юмны нэг гэдгийг би ч бас мэднэ. Энэхүү нүднээ үл үзэгдэх “нисдэг зайрантай” манай Алтайнхан мянган мянганаар дасал болжээ гэсэн бодол төрнө.
 
Манай нутгийн нэгэн сайхан уулыг Хараат хайрхан гэх. Энэ газрын сүмбэрээр овоглосон хүмүүс бишгүй, бүгд нэр бүтэн явна. Тэгвэл Алтай хотод “Хараат хайрхан” гэх нэгэн оёдол үйлийн газрыг тэр тэнгэрийн уулын нэрээр нэрлэсэн нь хормойд нь төрж өссөн Сундуйн Жавзан, нөхөр Бямбаагийн Дарханбаяртай хамт эрхлэн хөсөг хөдөлгөх аж.
 
Монгол Улсын аж үйлдэврийн гавьяат ажилтан, үндэсний хувдас загвар зохион бүтээгч Сундуйн Жавзангийн хувьд уран гар, ухаалаг сэтгэлгээгээр улсдаа манлай баригчдын нэгэн аж. Нөхөр Б.Дарханбаяр нь Тонхил сумын уугуул, “Алтайн оргил” багийн Хулам нуурын хөвүүн.
 
Үүнийг тэрлэгч бивээр энэ Б.Дарханбаяр хэмээх ухаалаг шийдмэг хүүтэй нийслэл хотын IV хороолол гэх их хөлийн газар бага ахуйд нь айл аймаг явсан удаатай. Гэтэл эр өсч, эсгий сунана гэдэг энэ аж. Ийн хаяа хатгасан сумын хоёр халуун дулаан амьдралын голомт бадрааж “Хараат хайрхан” хэмээх Алтайдаа төдийгүй баруун хэдэн аймагтаа нэр сурагтай ХЭАА-гаа байгуулан сайн явна.
 
Бид эдний оёдол үйлийн газраар оров. Оёдлын олон машины нэгэн жигдийн намуухан дуу нуриглаж, үйлчин бүсгүйчүүл үндэсний хувцсаа урлаж байна. Монголоороо гоёх дуртай хүний сэтгэл үйлст яв цав нийцэх газар энэ яавч мөн. Сайхан монгол дээл хувцас захисан, эрсэн сурсан улс эдний аж ахуйгаар орж гарч хөл ихтэй бололтой. 
 
Тэр дундаа аливаа баяр ёслолын үе, хурим найрын цагаар эвэ бүсгүйчүүл амсхийх чөлөө багатай үйл мэтгэдэг гэлцэнэ. Зорьж ирсэн хэнд ч болов урам баяр хайрладаг хамт олон байдаг бол тэр нь “Хараат хайрханы хамт олонд оногдоно.
 
Дарханбаяр аж ахуйгаа удирдан, Жавзан оёдолчин бүсгүйчүүлдээ үйл ур мэтгэх арга ухаанаа зааж сургана. Энэ хоёр арав гаруй үйлчинд ажлын байр гаргаж, өөрсдөө түүчээлэн ажиллаж байдаг юм байна. Алтай хотынхон төдийгүй сум орныхон ч эдний аж ахуйг андахгүй зорьж ирнэ. 
 
Тиймээс хүн хөл ихтэй, ямагт амсхийх зав чөлөө багатай байдаг бололтой. Эднийх нийслэл хотоос торго дурдан, даавуу бөсөө татаж аван ажил үйлээ явуулна. Нийслэл хотод тэдэнтэй хамтарч материал нийлүүлдэг, бүтээгдэхүүнийг нь борлуулдаг дэлгүүр ч бас байдаг, тэр хэрээр ажил урагштай аж. Аливаад ,итгэл үнэмшилтэй санаж явахад бүтнэ гэсэн сэтгэлтэй явна гэж ярина.
 
Өнөөдөртөө тэд түрээсийн байранд ажил үйлээ явуулж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл аваад өөрийн гэсэн байр савтай болж үйл ажиллагаагаа өргөжүүлэх санаа байвч энэ төрийн бодлогод нас ахисан хүнд зээл олгохгүй гэсэн харалган бодлого байх тул хөдөлж чадахгүй л суудаг бололтой. 
 
Бодвол нас нь тавь гарсан хүн өнөөдөр зээл аваад маргааш үхчих юмуу хаашаа юм гэсэн давч санаа надад төрж байсныг нуугаад яахав. Нарийндаа зээл гээч юмыг авч, өгөхдөө тулвал үхсэн хүн ч хүртэж байсан удаа бийг уншиж сонсож байсан санагдана. 
 
 
Ингээд бодохоор өнөөдөр юмыг хийж бүтээх хүнд энэ мэтээс эхлээд татвар төлөөсийн дарамт сэтгэл сэмрээж, өвдөг бохироодог болохыг Алтайн энэ жижиг аж ахуй бүү хэл ард гүрнээрээ амсаж эдэлж байгааг радио, зурагтаар өдөр болгон харин ч нэг айлтгаж байна даа.
 
С.Жавзан аймгийн шилдэг оёдолчин, Ахуй үйлчилгээний тэргүүний үйлчлэгч, таван жилийн гавшгайч, 2002-2010 онд “Алтайн гоёл” наадмын алтан медаль, 2005 онд “Бидний гоёл” наадмын Алтан медаль хүртсэн Монгол Улсын мастер оёдолчин юм. Мөн Баруун бүсийн Гоёл наадмын зохион бүтээгч оёдолчин, Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан, Монгол Улсын Уран ээж гээд алдар хүндийн эзэн, ачлалт хүмүүн гэдгийг нэмж хэлэхэд таатай байна. 
 
Зорьсон хэргээ бүтээж, урам баяраа Алтайнхаа ачлалт олноос хүртэж яваа энэ хоёр хүмүүнд хийж бүтээх, маргаашаа өнөөдөрт ойртуулах чин хүсэл буйг харахад таатай байлаа. Харин ийм хүмүүст гар сунгадаггүй юмаа гэхэд санаа тавьдаг төр засаг гэж байдаг уу гэсэн бодол төрснийг энэ далимд унагамаар санагдав. 
 
Мөнөөх гадна дотноос гуйлга түүлгээр олж ирсэн их мөнгө төгрөг хаашаа юунд урсаж, хэн хаана юу бүтээгээд ч байгаа юм, мэдэхгүй. Хүмүүсийн ярилцах нь "Танилгүй хүн алгын чинээ” гэдэг гарцаагүй үнэн бололтой. Гэвч энэ айл, Дарханбаярынхан өлөн өвсөнд бүдрээд уначихааргүй сэтгэлийн тэнхээ, итгэлийн галтай улс болохыг ам бардам хэлж болно.
 
“Хараат хайрхан” гэх эцэ, үйлчин бүсгүйчүүлийн зовхи өөдөө, бүтээл арвин нь бэлхэнээ харагдана, Та бүхний ажил үйлс улам дэлгэрч, уул шигээ өндөр, тэнгэр шигээ цэлмэг яваг гэсэн ерөөл айлтгасу.
 
С.Пүрэв (Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч)