sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийж, 79,2 хувийн саналаар баталлаа.

Манай улс 2012 оноос эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай өсч  байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байна. 2013 оны байдлаар Улаанбаатар хотод 14 мянган айлын орон сууц, оффисын барилга шинээр баригдсан бөгөөд тэдгээрийн заримыг нь дулаан, цахилгаанд холбох боломжгүй байна.

Иймд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ үр ашигтай хэмнэлтийн бодлогыг  явуулах нь хамгийн үр өгөөжтэй арга хэрэгсэл хэмээн үзсэн байна.

Хуулийн төсөлд УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, эрчим хүч хэмнэлтийн талаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг бүхий эрчим хүч хэмнэлтийн зөвлөл, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүч хэмнэлтийн менежер болон тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулахаар тусгажээ. Мөн хуулийн төслийн 8 дугаар зүйлд эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг  эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлэхээр, мөн зохицуулах хорооны бүтцэд эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй тусгайлсан нэгж байхаар хуулийн төслийг боловсруулсан байна.

Түүнчлэн эрчим хүчний барилга байгууламж барих, машин тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авсан үүрэг хүлээсэн хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх урамшууллыг Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д заасан журмаар зохицуулахаар хуулинд тусгасан аж.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг