sonin.mn

ЖЕНЕВ. /NHK/. НҮБ-ын зуучилж буй Сирийн энхийн хэлэлцээ Женев хотод үргэлжилж байгаа билээ. Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хоорондын бүрэн хэмжээний хэлэлцээг эхлүүлэх асуудал хойшлогдож байгаад талууд бие биенээ буруутгаж байна.

Сирийн Засгийн газрын төлөөлөгчид өчигдөр Европ дахь НҮБ-ын төв байранд тус байгууллагын тусгай төлөөлөгч Стаффан де Мистуратай хэлэлцээ хийжээ.

Сирийн Засгийн газрын төлөөлөгчид яг хэнтэй хэлэлцээ хийхээ мэдэхгүй байна гэж тус улсаас НҮБ-д суугаа Элчин сайд Башар Жафари уулзалтын дараа мэдэгдсэн байна.

“Сөрөг хүчнийхэн Саудын Арабын дэмжлэгтэй гол бүлгүүд болон ОХУ-ын сонгосон бусад бүлэг гэж хоёр хуваагдсан. Үүний улмаас талууд хоорондын бүрэн хэмжээний хэлэлцээг эхлүүлэх боломжгүй байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Ямар ч урьдчилсан болзолгүйгээр хэлэлцээг явуулах хэрэгтэй гэсэн Сирийн Засгийн газрын байр суурийг тэрбээр дахин онцлов.

Мягмар гарагт хийхээр товлосон НҮБ болон сөрөг хүчин хоорондын хэлэлцээ хойшлогдсон байна.

Засгийн газрын төлөөлөгчдөөс хариу хүлээж байна гэж сөрөг хүчний хэвлэлийн төлөөлөгч Рияд Наасан Агха мэдэгджээ. Мөн тэрбээр, урьдчилсан болзлыг Засгийн газрын төлөөлөгчид эсэргүүцсэний улмаас бодит хэлэлцээг хийх боломжгүй байна гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг