sonin.mn
“Hero” энтертайментийн захирал, найруулагч Б.Баатар болон хөтлөгч П.Анужин нарын санаачлан хэрэгжүүлсэн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нууц дүрс, бичлэг  энэ оны нэгдүгээр сард тарж, олны анхаарлыг татсан. 
 
Өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр огт гарч байгаагүй тэрхүү нууц бичлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нар өртсөн нь багагүй шуугиан дэгдээгээд байсан бөгөөд  “Hero” энтертайментийн захирал, найруулагч Б.Баатар тухайн дүрс, бичлэгийг зориуд цацаагүй, “алдагдсан” гэх тайлбарыг өгч , хулгайлсан хүмүүсийг олуулахаар цагдаад өргөдөл өгсөн” гэх тайлбарыг өгч байсан юм
 
Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас тухайн бичлэгийг гадны нөлөөгүй  алдагдсан гэж үзсэн бөгөөд ийм дүгнэлт гарсан учраас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг түр хугацаагаар гаргахгүй болж байгаа тухай П.Анужин дөнгөж саяхан “МН” мэдээллийн төвд албан ёсны мэдэгдэл хийсэн юм.
Түүнийг мэдээлэл хийгээд нэг цагийн ч хугацаа өнгөрөөгүй байхад “Hеrо” энтертайнментийн ажилчид мэдээлэл хийлээ.
 
“Hеrо” энтертайнментийн ерөнхий редактор н.Батзориг “Нэвтрүүлгийн бичлэг алдагдсан өдрөөс эхлэн манай хамт олон Оюуны өмчийн газар болон Цагдаагийн Ерөнхий газарт хандаж, хулгайлсан хүмүүсийг олох хүсэлт гаргасан боловч гадны нөлөөгүй гэсэн дүнгнэлт гарлаа. Мөн сая тус нэвтрүүлгийг санаачлагч, редактор П.Анужин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг  түр хугацаагаар хааж байгаа тухай мэдээллээ.
 
Энэ нэвтрүүлэг бол дан ганц түүний өмч биш бөгөөд “Hеrо” энтертайнментийн захирал Б.Баатар болон П.Анужин нарын санаачлагаар хийгдэж байсан билээ. Тиймээс П.Анужингийн ганцаараа гаргасан шийдвэр хүчингүй гэж ойлгож болно. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг цаашид илүү сайн чанартай хийхийн тулд “Дэлхийн монголчууд” гэх нэрээр үргэлжлүүлэх гэж байна. Бид эхний хоёр дугаараа хийгээд эхэлчихсэн байгаа" гэлээ.