sonin.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.04.26/ хуралдаан 15 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулав.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийгзөвшилцөх тухай асуудал хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор танилцуулсан юм.

БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахад зориулан 1 тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсонтой холбогдуулан уг эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгож санал боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар байгуулан ажиллуулжээ. Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг энэтхэгийн талтай 2016 оны 3 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд хийж зээлийн нөхцөлийг тохиролцсон байна. Зээлийн ерөнхий нөхцөлийн хувьд зээлийн жилийн хүү нь 1.75 хувь, хугацаа нь 20 жил байх бөгөөд эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Харин нэмэлт нөхцөлийн хувьд дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш төсөл, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш төслүүдэд зээлийн жилийн хүү нь 1.75 хувь, хугацаа нь 25 жил байх, үүнээс эхний 7 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж.

Энэтхэг Улсын Засгийн газрын зээлийн шугам нь Засгийн газрын дэд бүтцийн, тухайлбал төмөр зам гэх зэрэг томоохон төслүүдэд зориулагдсан агаад төслийн хүрээнд хийгдэх ажлаас хамаарч Энэтхэгийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээний худалдан авалтын хэмжээ /75 хувь/ өөрчлөгдөх боломжтой талаар мэдэгджээ. Экспорт-Импорт банк нь энэхүү хувь оролцооны хэмжээг Энэтхэгийн Гадаад хэргийн яамны саналд үндэслэн тогтоодог байна.

Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд “зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэх”-ээр тусгагдсаны дагуу уг зээлийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Ц.Баярсайхан, Төсвийн байнгын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор нар танилцуулав. Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд хөнгөлөлттэй зээлийг дэд бүтцийн салбарт ашиглахыг дэмжжээ. Харин Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, зээлийн эх үүсвэрийг төмөр замын салбарын төслийг санхүүжүүлэхэд ашиглах нь зүйтэй гэж үзэж, хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хөнгөлөлттэй зээлийг дэд бүтцийн салбарт ашиглах талаарх байнгын хорооны саналыг хэрхэн үзэж байгааг Сангийн сайдаас тодруулсан юм. Сангийн сайд Б.Болор энэ талаар өгсөн хариултдаа, Засгийн газар энэхүү хөнгөлөлттэй зээлийг төмөр замын салбарын төслийг санхүүжүлэхэд зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ үндсэн дээр хэлэлцээрийн шатанд Энэтхэгийн Засгийн газартай урьдчилсан байдлаар санал солилцож тохиролцсон. Төсвийн байнгын хороо ч зээлийн хөрөнгөөр төмөр замын төслийг санхүүжүүлэх Засгийн газрын байр суурийг дэмжсэн. Харин зээлийн хөрөнгийг дэд бүтцийн бусад салбарт зарцуулах хэрэгтэй гэж үзвэл хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэхэд хүрнэ, ингэснээр цаг хугацаа ч алдана. Энэтхэг нь төмөр замын хувьд ихээхэн туршлагатай орон учраас зээлийн хөрөнгийг манай улсад нэн шаардлагатай байгаа төмөр замын төслийг санхүүжүүлэхэд зарцуулахыг Засгийн газар чухалчилж байгаа. Иймээс зээлийг хоёр талын урьдчилан тохиролцсон төсөлд зарцуулах нь цаг хугацаа хожих, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм гэдгийг хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан хууль санаачлагчийн танилцуулгад төмөр зам гэсэн үгнээс өөр тодорхой тооцоо үндэслэл дурдагдсангүй. Иймээс төслийг хэрэгжүүлэх үндэслэл тооцоог сайн нягталж, үр ашигтай талыг бодолцох нь чухал гэдгийг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, Н.Энхболд нар нэгэнт хоёр талын тохиролцсоны дагуу Засгийн газрын саналын дагуу төмөр замын төслийг санхүүжүүлэх чиглэлийг байнгын хороо дэмжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Монгол Улсын Засгийн газарт БНЭУ-ын Экспорт-импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг зөвшилцөж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоогэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.